Б.Гантулга: Аравхан километр гүйх АМАРХАН

img

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн объект хамгаалах гуравдугаар салбарын харуулчин, ахлагч Б.Гантулгын хэлсэн энэ үг “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн нэг л тангарагтай хүчний байгууллагын алба хаагчдын унтраагүй цог золбоо, шантраагүй эр зоригийг илтгэж байлаа.

 

 

Цэргийн байгууллагын алба хаагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг "Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн" өчигдөр /2019.06.04/ Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын хувьд энэхүү тэмцээн жил дамнан хүлээдэг, амжилттай сайн оролцож чадвал бүтэн жил сэтгэл өег явдаг нэр хүндтэй, эрчүүдийн цог золбоог шалгадаг уралдаан юм.

 

“Байнгын бэлтгэл сургуулилалт хууль сахиулах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийн үндэс”

 

 

Энэхүү тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн , Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат болон БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд оролцов.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү марш-тусгай бэлтгэлийн тэмцээн чухал ач холбогдолтой бөгөөд тэмцээний цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж, алба хаагчид идэвхтэй оролцох болсон нь сайшаалтай хэрэг юм.

 

Монголын цэргийн болон хууль сахиулах алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэх явцдаа хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа гайхагдаж байдгийн нэгэн шалтгаан нь байнгын бэлтгэл сургуулилалт, харилцан ажиллагааг бий болгодог марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн гэж хэлж болно.

 

Энэ тэмцээнд түрүүлэх нь чухал хэдий ч оролцох, багийн ажиллагаагаа чадваржуулах, бие бүрэлдэхүүнээ сорих, хатуужуулах нь нэн тэргүүний зорилт юм. Тайван цагт хөлс их асгавал дайны цагт цус бага урсана гэж мэргэн үг байдаг. Байнгын бэлтгэл сургуулилалт, ямар ч сорилтод бэлэн байх чадвар бол улс орныг батлан хамгаалах, хууль сахиулах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийн үндсийн үндэс гэдгийг ямагт санаж яваарай. Нийт баг тамирчдад дахин өндөр амжилт хүсье” хэмээсэн юм.

 

“Цэргийн алба хаагчдын ур чадвар жилээс жилд өсч байна”

 

 

Нүцгэн гараараа тоосго цохиод л дундуур нь хуваачихаж байгаа нь, нэг хашхираад л зузаан банзыг цуулчихаж байгаа нь Монгол эрчүүдийн л ур чадвар гэлтэй. Энэ бол марш, тусгай бэлтгэлийн тэмцээний гардан тулааны үзүүлбэр юм.

 

Энэ талаар тэмцээний ерөнхий шүүгч ЗХЖШ-ын биеийн тамир спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ “Ерөнхийлөгчийн нэрэмжит марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн найм дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг хариуцлагатай тэмцээн. Энэ тэмцээнд цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт бие бүрэлдэхүүн оролцдог. Энэхүү тэмцээн мөрдэстэй, эх орноо хамгаалах үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддагаараа онцлогтой. Гар тулааны тэмцээн одоо болж байна. Энэхүү тэмцээн бол цэргийн алба хаагчийн өөрийн биеэ хамгаалах ур чадвар, сэтгэлзүйн тогтвортой байдал, итгэл үнэмшил, ур чадвараа харуулдаг тэмцээн. Мөн жагсаалын өмнөх тоглолт болно. Энэ бол жагсаалын өмнөх ажиллагаа буюу 10 километрийн зайд гүйхээс өмнө гүйцэтгэж дүнгээ гаргадаг тэмцээн.

 

 

Миний хувьд олон жил энэхүү тэмцээнийг зохион байгуулан явуулж байна. Жилээс жилд байгууллагуудын оролцоо, цэргийн алба хаагчдын ур чадвар жилээс жилд өсч байгаа. Гардан тулааны үзүүлэх тоглолт маш өндөр зэрэгт очиж байгаа. Ур чадвараа бие биенээсээ суралцаж байгаа нь харагдаж байна” гэлээ.

 

Гардан тулааны тэмцээнд оролцоод гарч ирснийх нь дараагаар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн объект хамгаалах гуравдугаар салбарын харуулчин, ахлагч Б.Гантулгатай цөөн хором ярилцлаа.

 

“Марш, тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцож байгаа нь миний БАХАРХАЛ”

 

 

-Марш, тусгай бэлтгэлийн тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

 

-Манай байгууллагын хувьд 97 жилийн түүхтэй дотоодын цэргийн байгууллага. Уг тэмцээнд долоо дахь удаагаа амжилттай оролцож байна. Өмнөх жилүүдэд гурван удаа байр эзэлж, хүрэл медаль хүртэж байсан. Энэ удаагийн тэмцээнд илүү их амжилт гаргана гэсэн сэтгэлээр хамт олон маань хичээл, зүтгэл гарган цагдаа, дотоодын цэргийн нийт 13 мянга гаруй бие бүрэлдэхүүний нэр хүндийг авч гарахаар оролцож байна.

 

-Сая гардан тулааны үзүүлбэр үзүүллээ. Хэр амжилттай оролцсон гэж бодож байна вэ?

 

-Яг одоо марш, тусгай бэлтгэлийн тэмцээний эхний өдөр гарааны өмнөх ажиллагаа явагдаж байна. Сая жагсаалын өмнөх ажиллагааны гардан тулааны үзүүлэх тоглолтод оролцоод гараад ирлээ. Үнэлгээ хараахан гараагүй байна. Өнөөдөр орой бүх багийн ажиллагаа дууссаны дараа дүн гарна.

 

-Өөр ямар даалгавар гүйцэтгэх вэ?

 

-Гарааны өмнөх ажиллагаа буюу гурван даалгавар өнөөдөр гүйцэтгэнэ. Хоёр дахь даалгавар нь жагсаалын үзүүлэх тоглолт. Гуравдугаарт бүх төрлийн биеийн тамирын дасгал, нормитов даалгавар. Тэмцээний хоёр дахь өдөр хамгийн чухал даалгавар болох 10 километрийн зайд гүйнэ.

 

-10 км гүйх хамгийн хүнд даалгавар байх даа?

 

-Бэлтгэгдсэн хүмүүсийн хувьд асуудалгүй, амархан. Яваад л ирнэ. 10 километрийн маршид бүгд маш сайн хичээж оролцох болно.

 

-Ер нь марш, тусгай бэлтгэлийн тэмцээнд бүхэлдээ тэсвэр тэвчээр шаардсан тэмцээн бололтой?

 

-Эр хүн болж төрөөд мөрдэс зүүж хүчний байгууллагад ажиллаж байгаа бидний хувьд Марш, тактикын тэмцээн хамгийн бахархалт зүйл. Амжилт үзүүлэх нь чухал ч гэлээ энэ тэмцээнд оролцоно гэдэг маш том нэр хүндийн асуудал байдаг.  Тийм болохоор тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байгаа.

 

33 жилийн түүхтэй 311 дүгээр ангийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

 

 

Марш, тактикын тэмцээний нээлтийн үеэр Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 33 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга тус ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

 

Г.Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв нь 33 жилийн ойтой золгож буй.  311 дүгээр ангийн офицер дайчид, бие бүрэлдэхүүн нь Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны бэлтгэл сургууль, буудлага, жолоодлого, команд штабын сургууль, тактикийн хээрийн сургуулиудын бэлтгэл ажил, ар тал, техникийн хангалтыг зохион байгуулах үүргийг амжилттай гүйцэтгэж иржээ.

 

Тухайлбал Ирак, Сьерра Леоне, Косово, Афганистан, Чад, Өмнөд Судан, Судан зэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй цэргийн баг, 17 мянга орчим цэргийн алба хаагчдыг ажиллагааны өмнөх сургалтад хамруулж, энхийг дэмжих ажиллагааны сургалт явуулах, зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжлийн спортын уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн байна.

 

Мөн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг зохион байгуулах болсноор гадаадын цэргийн 15 мянга орчим алба хаагчийг сурган дадлагажуулж, монгол цэргийг дэлхийн цэрэг хэмээн үнэлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Иймд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хамт олонд 33 жилийн ойн баярыг нь тохиолдуулан Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

 

 

311 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Дугаррагчаа “Өнөөдөр дурсамжтай өдөр болж байна. Учир нь Төрийн тэргүүн маань анги дээр маань хүрэлцэн ирж Цэргийн гавьяаны улаан тугын одон гардуулж өглөө. Энэ үйл явдал манай ангийн үе үеийн захирагч дарга нар, хамт олны хийсэн ажлыг үнэлсэн төдийгүй Таван толгойн сургалт бэлтгэл хамрагддаг Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид, ажиллагааын өмнөх бэлтгэл хангаад дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүүдийн маань үйл ажиллагааг үнэлсэн, урам зориг нэмсэн сайхан үйл явдал боллоо” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зэвсэгт хүчин:
Уралдаад үз хол хойшоо хаягдана биз
2019-06-05
Зэвсэгт Хүчин:
Олон улсад манай улсын нэрийн өндөрт өргөж авч яваа салбар бол Монголын Зэвсэгт хүчин батлан хамгаалах яам! Сүүлийн жилүүдэд үнэхээр гайхалтай сайжирч байна. Олон улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэнээс хойш энэ салбарын ажил улан өргөжиж хөгжин дэвшиж байна. ЭСА үүсгэн байгуулсанцэнхэр дуулгатны загалмайлсан эцэг, монгол цэргийг дэлхийн цэрэг болгосон хошүүч генерал Г.Рагчаа
2019-06-05
Монгол Цэрэг:
Хаана тарган дарга нар байна??? Чиний тарган гээд байгаа цэргийн хүмүүстэй бэлтгэл хийгээд үз л дээ? Чамайг хол хаяна уу гэхээс худлаа чалчдаг чам мууг хол хаяна шүү муу нусан бацанаа! Хөрөнгө мөнгө дутмаг цалин санхүү бага энэ цаг үед -- Өдий зэрэгтэй авч яваа зэвэгт хүчний талаар -- Цэрэгт яв үзээгүй шээстэй өмдтэй хогийн лалрын пээдгэр бацаанууд Олон далан хуцахгүй шүү!!!!
2019-06-05
Улам өргөжүүлэх хэрэгтэй:
Маш хэрэгтэй үйл ажиллагаа
2019-06-05
Hiih jum aa olz dee 70 huviig tsomhdoh heregtei
2019-06-05
Fatboy:
Manaihaas uur iim targan darga nartai tsereg haa ch bhgui,
2019-06-05
Зэвсэгт хүчин:
Уралдаад үз хол хойшоо хаягдана биз
Монгол Цэрэг:
Хаана тарган дарга нар байна??? Чиний тарган гээд байгаа цэргийн хүмүүстэй бэлтгэл хийгээд үз л дээ? Чамайг хол хаяна уу гэхээс худлаа чалчдаг чам мууг хол хаяна шүү муу нусан бацанаа! Хөрөнгө мөнгө дутмаг цалин санхүү бага энэ цаг үед -- Өдий зэрэгтэй авч яваа зэвэгт хүчний талаар -- Цэрэгт яв үзээгүй шээстэй өмдтэй хогийн лалрын пээдгэр бацаанууд Олон далан хуцахгүй шүү!!!!