Тортог ялгагч төхөөрөмжийг Баянхошуунд туршжээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багийхан тортог ялгагч төхөөрөмж зохион бүтээж, Баянхошуу орчмын гэр хороололд туршилт хийжээ. Тус судалгааны талаар Эрдэм шинжилгээний ажилтан Б.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж бүтээж, туршилт хийжээ. Үр дүн ямар байв?
-Сүүлийн үед Улаанбаатар хотод нас барж буй 11 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй байна. Тиймээс манай судалгааны багийн гол зорилгуудын нэг нь энэхүү тоо баримтыг багасгах юм. Мөн агаарын бохирдлын 83 хувь нь гэр хорооллоос үүсдэг. PM 2,5 тоосонцор нь өвчлөл үүсэх гол шалтгаан болж байгаа учраас манай баг үүнд гол анхаарлаа хандуулсан.
Агаарын бохирдол хамгийн ихтэй Баянхошууны 70 гаруй өрхөд туршилтаа явуулсан. Туршилтаа гурван сарын хугацаанд явуулсан.
Электростатик тортог ялгагч төхөөрөмж нь ямар зарчмаар ажилладаг вэ?
-Тоосонцорыг бууруулах ямар арга байгааг хайж үзэхэд янданд тоосонцор бууруулах шүүлтүүрийн систем суурилуулах нь хамгийн зөв арга зам гэдгийг тогтоосон. Энэ төхөөрөмж хоёр арга замаар явагдана. Эхнийх нь дотор буюу цацруулагч ,гадна нь цуглуулагч гэсэн замаар явагдаж ионжно. Ионжсон агаарын тоосонцор цэнэгжүүлнэ. Ингэж цэнэгжүүлснээр цугларсан тоосонцор агаарт цацагдахгүй.
Цуглуулсан тоосонцороо яаж устгалд оруулдаг вэ?
Энэ бол судалгааны дараагийн ажилд төлөвлөгдсөн байгаа.Нэгдүгээр цахилгаан станц шиг барилгын материалд дахин ашигладаг болгож шинэчлэх зорилготой байгаа юм.
-Төхөөрөмжийн давуу тал юу вэ?
-Улаанбаатар хотын нүүрс хэрэглэдэг агаарын бохирдлын голомтод хэрэгжүүлж, туршсан нь шинэлэг тал юм. Гол хэрэглэгч нь гэр хорооллын айлууд учраас аюулгүй байдлыг хангасан, хэрэглэх заавар энгийн, ашиглалтын зардал бага, цахилгааны асуудалтай бол баттеригаар ажиллах боломжийг судалсан.
Энэхүү төхөөрөмжийг цаашид гэр хорооллын айлуудад борлуулах уу?
-Манай төсөл 2017 оноос эхлэн энэ оны гурван сард дууссан байгаа. Монгол Германы хамтын нийгэмлэгийн байгууллагаас бүрэн санхүүжиж хийсэн. Цаашид хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй. Учир нь иргэд одоогоор худалдан авах боломжгүй байгаа.
Б.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ