Х.Баттулга Иссык-Куль-Хяргас нуур чиглэлийн аяллын маршрут гаргах хүсэлтээ илэрхийлжээ

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кыргызстан дахь албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой уулзаж, хэлэлцээр хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хэлэлцээрийн үеэр Сооронбай Жээнбеков Киргиз, Монголын улс төрийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байгааг онцолжээ.
Мөн Монгол улс Киргизд Элчин сайдын яамаа нээж байгаа нь хоёр орны хамтын ажиллагааны нөөц боломжийг нээж, тэдгээрийг шинэ түвшинд гаргахад туслана гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
“Бид өөрсдийн талаас Монгол улсад дипломат төлөөлөгчийн газраа нээх асуудлыг судалж байна. Ойрын үед Улаанбаатарт хүндэт консулын газар нээх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн Кыргызстаны Ерөнхийлөгч мэдэгджээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга хариуд нь улс төрийн харилцаа бэхжиж байгаа нь Киргиз, Монголын бусад салбар дахь хамтын ажиллагааны хөгжилд ч сайнаар нөлөөлж байгааг цохон тэмдэглэсэн байна.
Мөн хөдөө аж ахуй, мал эмнэлэг, соёл-хүмүүнлэгийн салбар, түүнчлэн төмөр замын дэд бүтэц, эрүүл мэнд, санхүүгийн салбаруудад туршлага солилцон, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хэлэлцээрийг дүгнэн, Х.Баттулга аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг онцлоод Киргизийн Иссык-Куль нуур болон Монголын Хяргас нуурыг үзэх сонирхолтой жуулчдад зориулсан хамтарсан маршрут боловсруулахыг санал болгосон байна.
Энд сонирхуулахад, Иссык-Куль нь Киргизийн хамгийн том нуур бөгөөд эзлэх талбайгаараа дэлхийн томоохон 30 нуурын тоонд багтдагийн дээр хамгийн гүнзгий нуурын жагсаалтын долоодугаарт бичигддэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ