Загасанд явсан залуу эргээд гэртээ харьсангүй

Яах вэ, яаж сэрэмжлүүлбэл аминдаа хайртай амьдрах вэ, монголчууд аа. Онцгой, цагдаа, хэвлэл мэдээллийнхэн бороо орлоо, гол үерлэлээ, усанд осолдох вий гээд л эрвийх дэрвийхээрээ хангалттай мэдээллэдэг. Гэтэл албаныхны анхааруулгыг үл тоон “Яав л гэж” хэмээн адгаж амь насаа алдчихаад байх юм. Сүүлийн өдрүүдэд эгээ л өдөрт нэг хүн голын усанд амиа өргөж байна.

Өчигдөр л гэхэд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушийн гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ 06.25-ны өдрийн 23:00 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүрийн харьяат иргэн Д /31 настай, эрэгтэй/ “Орхон” голоос загас барихаар яваад усанд осолджээ.
Ослын тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 23:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, эмнэлгийн байгууллагын 3 эмч, нийт 9 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй 90 км замыг туулан 06.26-ны өдрийн 02:30 цагт очиход иргэн Д-гийн цогцсыг иргэд “Орхон” голоос гаргасан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагатай багийн “Товуу-Хан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ “Орхон” голд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн А /30 настай, эмэгтэй/ өчигдөр /2019.06.26/ 13:03 цагийн орчимд осолджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн 5 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 4 иргэн, нийт 13 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж, “Товуу-Хан” гэдэг газраас хойд зүгт 6 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, “Орхон” голын эрэг, тохой дагуу 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:26 цагт зогсоосон байна. Өнөөдөр 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Эсэн мэнд л олдоосой.

Болгоомжтой, бодолтой байж, албаныхны үгийг тоодог баймаар байна. Сүүлийн өдрүүдэд зүсэр бороо орно, гол усны аюулаас болгоомжлоорой хэмээн анхааруулсаар л байна. Үүнийг нь анхааралтай сонсож үүргэвчээ үүрээд аялалд гарахаар зэхсэн бол түр анзаарай.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ