Автобус "хулгайч"-гүй боллоо

Нийтийн тээврээр зорчигдчын санааг ихээр зовоодог нэг асуудал нь халаасны хулгайн гэмт хэрэг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийтийн тээврийн автобусанд үйлдэгдэх халаасны хулгайн хэрэг нэмэгдэх хандлагатай болсон байна гэдгийг албаныхан мэдээлж байсан. Улмаар хулгайчтай эрчимтэй тэмцэх үүднээс энэ оны зургадугаар сарын 1 гэхэд нийслэлийн нийтийн тээврийн бүх автобусыг бүрэн камержуулахаар болсон. Өнөөдөр /2019.07.02/ 28 аж ахуй нэгжийн 1226 автобусыг бүрэн камержуулан хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Нийслэлийн цагдаагийн газар, Улаанбаатар смарт карт компаниуд энэ оны гуравдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүдтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан. Энэхүү зөвлөгөөнөөр бүх автобусыг бүрэн камержуулах асуудлыг хэлэлцэж өнөөдрийн байдлаар /2019.07.02/ 28 аж ахуй нэгжийн 1226 автобусыг бүрэн камержуулсан болохыг мэдээллээ.
Бүх автобусыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах үүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, жолооч нарын үүрэг харуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудал шийдэгдэх ач холбогдолтой гэж албаныхан харжээ.
Мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны буудал дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдийн зөрчлийг давхар илрүүлэн хянаж, торгуулийн арга хэмжээ авах аж. Камерыг авто тээврийн улсын байцаагч нар өдөр бүр хянаж ажиллах юм байна. Мөн шалгагч нар давхар ажиллаж бэлэн мөнгөөр зорчих зөрчилд хяналт тавьж ажиллах аж.

“Улаанбаатар смарт карт” компанийн менежер Ц.Түвшинжаргал “Журмаар бүх харилцааг зохицуулж байгаа. Манай компани камерын засвар үйлчилгээ, сайжруулалтын асуудлыг хариуцна. Харин эвдрэл гэмтлийг тухайн нийтийн тээврийн аж ахуй нэгж хариуцна. 2015 онд төсөл хэрэгжиж эхлэхэд нийтийн тээврийн автобуснуудыг бүрэн камержуулах ажил хийгдсэн. Энэ онд хамтарсан үйл ажиллагааны ажлын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар камернуудын 50 хувь нь гадны нөлөөтэйгээр ажиллагаагүй болсон байсныг 123 сая төгрөгийн зардал гаргаад 1226 автобусыг бүрэн камержуулсан. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бүх автобус хяналтын камертай боллоо” гэв.

Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ