Дөрвөн бяцхан ЗҮРХ өнчирч хоцров

Монголын цагдаагийн албанаас өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсан “шонхор” хүрч боломгүй оргил өөд нисчихлээ.

Залилин хийгээд зугтсан, эрэн сурвалжлагдаж байсан этгээд эргүүлийн цагдааг харсан даруйдаа зугтааж, түүнийг зугтаалгахгүйн тулд автомашинаас нь зүүгдэж, гэмт хэрэгтнүүдтэй эрэлхэгээр тэмцэж, эцэст нь халуун амиараа хохирсон цагдаагийн алба хаагчийн баатарлаг үйлдлийг бид харсан, хайрласан, халагласан. Энэ харамсалтай хэрэг явдал ердөө л найман сарын өмнө болсон.
Тэгтэл тун саяхан төр түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсан дахин нэг эрэлхэг хөвгүүн зуурдаар таалал төгслөө. Албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэхээр тангарагаа өргөж, томилолтоо гардаад долоон жил ажилласан. Өдгөө дөнгөж л 30 насны хаалгаар алхаж орсон цэл залуухан цагдаа, амиа хорлохоор зориг шулуудан гол руу гүйн орсон бүсгүйг аврахаар араас нь ороод буцаж гарч ирсэнгүй. Онцгой байдлын алба хаагчид цагдаагийн алба хаагчийн цогцсыг олсон бол эмэгтэйг олоогүй эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.
2019 оны 07 дугаар 02-ны өдөр. Орон нутгийн цагаар 12.00 цагт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн А-аас “Миний эхнэр “Ж” амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна” гэх дуудлага иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын усруу орж урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай голруу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 17 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, Өлгий сумын мэргэжлийн ангийн 10 иргэн, ар гэрийн 15 иргэн, нийт 50 хүн, 9 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:10 цагт осолдсон газраас баруун хойд зүгт 2 км-т “Бугын гол” багийн “Фермийн-Үзүүр” гэдэг газраас цагдаагийн ахлах ахлагч Э-гийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Харин иргэн Ж-гийн цогцсыг олоогүй тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна
27 настай залуухан бүсгүй, 30 настай цагдаагийн алба хаагч. Хоёр халуун амь усанд урсчихлаа. Ард нь үлдсэн хань, үрсийг нь бодохоос өр зүрх эмтэрнэ. Тэдний ард хэн үлдэв?
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн алба хаагч хоёр настай хүү, орчлонд дуугаа хадаан мэндлээд дөнгөж л нэг сар болж буй нялх охинтой. Харин амиа хорлохоор гол руу орсон эмэгтэй хоёр хүүхэдтэй. Хамгийн бага нь гуравхан настай. Ингээд л элэг бүтэн аз жаргалаар цалгиж амьдрах учиртай гэмгүй дөрвөн бяцхан зүрх өнчирч үлдлээ.
Хэний төлөөх мунхаг үйлдэл, хэнийг хохироох амь байв аа. Ямар ч амьдралын шалтгаан байлаа гээд хоёр бяцхан үрээ өнчирч үлдээхээс өөр сонголт байгаагүй гэж үү. Ажлаа хийж явсан эгэл хүний амь ч дэндүү хайран юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ