Сүүлийн үед Оросын хэвлэлүүдээр манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Вашингтонд хийсэн айлчлал болон улмаар өчигдөр манай улсад хийсэн Пентагоны тэргүүний айлчлалтай холбоотойгоор төрөл бүрийн мэдээлэл, мөн болгоомжилсон таамаглалууд хөврөх болсон.
Энэ удаад Оросын суртал ухуулгыг дэлхий даяар олон сувгаар түгээдэг гэгддэг, Оросын холбооны төсвөөс санхүүждэг Russia Today агентлагийн цахим хуудас дээр “Вашингтон Монголтой стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж буйн учир” нэртэй нийтлэл гарчээ.
Энэ нийтлэлд Пентагоны тэргүүн Марк Эспер Монголд нэг өдрийн хугацаатай айлчилж, Монголын БХ-ын сайд Н.Энхболдтой уулзсны дээр ямар нэг хоёр талт бичиг баримтад гарын үсэг зурахаар төлөвлөөгүй, АНУ, Монголын “нийтлэг үнэт зүйлсийг баталгаажуулах” зорилготой байсныг дурьджээ.
“Айлчлалын үеэр Эспер АНУ Монголын “гуравдагч хөрш” болох талаар дурьдсан. Монгол улс газарзүйн хувьд Орос, Хятадын дунд оршдог. Гэхдээ Улаанбаатар цэрэг-улс төрийн болоод эдийн засгийн бүхий л харилцаагаа энэ хоёр улстай холбох эрмэлзэлгүй байгаа. Монгол улс илүү нягт холбоотой байдаг орнуудаа гуравдагч хөршийн тоонд оруулдаг. Тэдгээрийн дунд ихэвчлэн АНУ, Япон, Өмнөд Солонгос, Австрали болон ЕХ-ны улсууд багтдаг юм. Эдгээртэй хамтран ажиллах нь бүс нутаг дахь Орос, Хятадын нөлөөллийг тэнцвэржүүлэх зорилготой гэж шинжээчид тэмдэглэдэг” хэмээн бичжээ.
Цаашлаад Х.Баттулга Вашингтонд айлчлан Дональд Трамптай уулзсан нь сүүлийн найман жилд Монголын төрийн тэргүүн АНУ-д айлчилсан анхны тохиолдол болсон бөгөөд үүний араас Марк Эспер Монголд айлчилсныг дурдсан байна.
Тэр дундаа, Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол болон АНУ-ын хоорондын стратегийн түншлэлийн тунхаглалд гарын үсэг зурснаар Монгол, АНУ-ын түншлэл шинэ түвшинд гарсныг онцолжээ.
Батлан хамгаалахын салбарын хүрээнд Вашингтон болон Улаанбаатар өнгөрсөн зууны сүүл үеэс хамтран ажиллаж эхлэн, цэргийн мэргэжилтнүүдийг солилцох засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1996 онд байгуулсан талаар өгүүлсэн байна. Цаашлаад Монгол улс энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсны дээр хоёр орон хамтарсан “Хааны эрэлд” цэргийн сургуулилт хийх болсон талаар дурдсан байна.
“Хэдийгээр Пентагонтой түншлэлийн харилцаатай байгаа ч энэ нь ойрын хоёр хөрштэйгээ хамтран ажиллахад саад болдоггүй. Жишээлэхэд, өнгөрсөн онд гэхэд л Москва, Улаанбаатар цэргийн хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Монгол улс БНХАУ-тай хийх худалдаанаас хамаардаг хамаарлыг бууруулахын тулд энэ улстай эдийн засгийн харилцаа тогтоохоор Цагаан ордон эрмэлзэж байгаа. Газарзүйн байршлын онцлогоор Монголын гадаад худалдааны эргэлт Орос болон Хятадын хилээр дамждаг. Түүнчлэн, Оросын импорт Монголын газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийн 90 хувийг хангадаг бол Хятад улс Монголын гадаад худалдааны гол түнш бөгөөд өнгөрсөн оны дүнгээр Монголын нийт гадаад бараа эргэлтийн 70 хувь нь БНХАУ-д ноогдож байв.Харин өнгөрсөн оны наймдугаар сард Америкийн конгрессд Америк-Монголын худалдааны харилцааг татвар шимтгэлийг цуцлах замаар дэмжих тухай хуулийн төслийг өргөн барьсан ” гээд “гэхдээ шинжээчид АНУ Монголтой хийх худалдаагаа өргөжүүлэхийг үнэхээр хүсч байгаад эргэлзэж байгаа юм” хэмээжээ.
Нийтлэлд Москвагийн их сургуулийн профессор, улс төрийн шинжлэх ухааны доктор Андрей Манойлогийн байр суурийг оруулсан байх бөгөөд тэрбээр Монголоос асар хол оршдог, өөрсдөө ч БНХАУ-тай худалдаагаараа ихээхэн холбоотой газар Монголтой хэрхэн худалдаа хийх гэж байгаа нь ойлгомжгүйн дээр Америкийн зэвсгийг авах мөнгө Монголын эрх баригчдад байхгүй гэжээ.
Оросын шинжээчид Вашингтон Энэтхэг-Номхон далайн бүс нутагт гаргаж буй ашиг сонирхлын суурин дээр Америк-Монголын харилцаа идэвхижиж байгааг онцолж байгаа юм.
АНУ Ази дахь нөлөөллийн хүрээгээ өргөжүүлэх хандлага 2011 онд Хиллари Клинтон Төрийн департаментыг удирдаж байх үед л илэрч байсан бөгөөд Америк дэлхийд тэргүүлэгч байдлаа хадгалахад Ази дахь оролцоо гол нөхцөл болно гэж Хиллари мэдэгдэж байлаа. Шинэ захиргаа ч энэ бодлогыг залгамжлан авч, өнгөрсөн жил АНУ-ын Зэвсэгт хүчний Номхон далайн командлалыг Энэтхэг-Номхон далайн командлал болгон нэрийг өөрчлөн, үүнийгээ хоёр бүс нутгийн харилцаа холбоо улам бүр нэмэгдэж байгаагаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байлаа.
“Энэ бүс нутагт Вашингтоны гол сөргөлдөгч нь АНУ-ын номлолд гол аюул заналын нэг гэж тусгагдсан Хятад улс юм. Наймдугаар сарын дөрөвний өдөр Австралид айлчилахдаа Марк Эспер Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ноёлох гэсэн БНХАУ-ын эрмэлзлийг АНУ дэмжихгүй хэмээн мэдэгдэж байлаа. Үүний зэрэгцээ Вашингтон Монгол улсыг энэ бүс нутаг дахь гол холбоотнуудын нэг гэж харж байгаа. Энэ оны тавдугаар сарын сүүлээр хэвлэгдсэн Пентагоны тайланд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь найдвартай, чадвартай, жинхэнэ түншүүд нь Сингапур, Тайвань, Шинэ Зеланд болон Монгол улс гэж заасан байв. Эдгээр дөрвөн улс нь дэлхий даяарх Америкийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж, чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хангах идэвхитэй алхам хийнэ гэж энэ баримт бичигт өгүүлсэн байв. ”
Энэ талаар Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтонд айлчлан, хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээрийн дүнгээр гаргасан тунхагт ч тусгасан бөгөөд талуудын тэргүүнүүд “үндэсний аюулгүй байдал болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах”-аар тохиролцсныг мөн нийтлэлд онцолжээ.
Харин ийнхүү Америк, Монголын түншлэл гүнзгийрч байгаа нь Бээжин “дургүйцэх” хүчин зүйл болж болох юм гэж Андрей Манайло үзсэн байна.
“Нэгдүгээрт, Хятад улс Монголтой хиллэдэг, хоёрдугаарт хүн амын дийлэнх нь угсаатны монголчууд суурьшдаг автономт бүс БНХАУ-ын хойд хэсэгт бий. Энэ нөхцөл байдлыг Хятад дахь улс төрийн тэнцэртэй байдлыг алдагдуулах зорилгоор америкчууд ашиглахаар оролдоно гэж Бээжин болгоомжилж магадгүй” хэмээн шинжээж үзэж байгаа аж.
Харин шинжээч Владимир Грайворонский RT агентлагт байр сууриа илэрхийлэхдээ Америк, Монголын хамтын ажиллагаа нь өмнө нь ч зохих түвшинд байсан бөгөөд гэхдээ Америкийн удирдлага үүнийг улам бүр бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг онцолсон байна.
“Хятадыг тогтоон барих гол хэрэгслүүдийн нэг гэж нэн тэргүүнд үзсний улмаас Монголтой харилцах харилцаагаа Вашингтон бэхжүүлэх сонирхолтой байгаа. Гэхдээ Америк, Оросын харилцаа хямралтай байгаа энэ үед АНУ гагцхүү Хятад төдийгүй Орос улс цаашлаад Төв Азийн орнуудыг ажиглахын тулд онолын хувьд Монгол улсыг ажиглалтын тавцан гэж сонирхож байгаа юм” хэмээн Грайворонский онцолжээ.
Г.Бямбасүрэн