COVID-19: Энэтхэг эм нийлүүлэхгүй бол хариу арга хэмжээ авна гэж Трамп "сүрдүүлжээ"

Энэтхэг улс бусад орнууд руу эм бэлдмэл нийлүүлэх экспортоо зогсоож байгаа талаар мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарсны дараа энэ мэдээлэлд Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп хариу өгсөн байна.
Тодруулбал, COVID-19 вирусийг эмчлэхэд зориулан хумхаа өвчнийг эмчилдэг гидроксихлорохин эмийг нийлүүлэхээс татгалзвал Энэтхэгийн эсрэг хариу арга хэмжээ авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн талаар NBC мэдээллээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди АНУ зэрэг орнууд руу эм бэлдмэл нийлүүлэх экспортоо зогсоох шийдвэр гаргасан талаар Дональд Трамп тайлбар хийхдээ энэ шийдвэр огт таалагдахгүй байна гээд "үнэхээр тэр энэ шийдвэрийг гаргасан бол гайхаж байна" хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн, саяхан Нарендра Модитой утсаар ярихад эмийн экспорт зогсохтой холбоотой ямар ч мэдээлэл өгөөгүй хэмээн онцолжээ.
"Моди АНУ руу эм бэлдмэл нийлүүлэхгүй гэвэл энэ нь түүний эрх. Гэхдээ үүний араас бид хариу арга хэмжээ авна" гэж Трамп мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүнс, эм бэлдмэлийн чанарын хяналтын газар COVID-19 вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хумхаа өвчний эсрэг үйлчилгээтэй гидроксихлорохин болон хлорохин эмний сая тунг эмнэлгүүдэд нийлүүлэх зөвшөөрлийг өнгөрсөн сарын сүүлээр өгч байлаа. Энэ хоёр эмийг хоёуланг нь Энэтхэг улс нийлүүлдэг юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ