2008 оны долдугаар сарын 01-нд болсон үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэж, бэртсэний улмаас амиа алдсан талийгаач, цагдаагийн дэд ахлагч Ш.Эрдэнэ-Очирын эхнэр Б.Ганчимэгтэй уулзлаа.
-Таны нөхрийг 2008 оны долдугаар сарын 01-нд үүргээ гүйцэтгэж яваад бэртэн гэмтэж, амиа алдсан алба хаагчдын нэг гэдгийг мэднэ. Ингэхэд хаана, хэрхэн, яаж амьдарч байна даа?
-Хадам аавындаа хоёр охинтойгоо амьдарч байсан ч их хүйтэн болоод байшин халахаа байж, хүүхдүүд ханиад хүрч, аав зутраад болохгүй салж өвөлжихөөр болоод би ээжийнд хүүхдүүдээ аваад ирсэн. Аав маань хүүхдийндээ өвөлжихөөр явсан.
-Их олуулаа амьдардаг юм байна?
-Тийм ээ. Манай ээжийнх. Бид 3 нийлээд 11-үүлээ амьдарч байна. Ээж маань нас дээр гарсан хүн бий. Гэхдээ их хүйтэн байгаа болохоор дааруулж хүүхдүүдээ өвдүүлж байхаар чихэлдээд ч болов дулаан өвөлжий гээд л хүрээд ирлээ.
-Долдугаар сарын 01-ний үймээний улмаас тав биш, долоон хүн амь насаа алдсан гэдэг. Долдугаар сарын 01-нд танай нөхөр хаана алба хашиж байсан юм?
-Эргүүл хамгаалалтын газарт явган эргүүлээр ажиллаж байсан. Ажилд ороод удаагүй байсан. Жил гаруй л ажилласан. Тэгээд бэртээд, ажлаа хийж чадахаа байж, гэртээ эмчлүүлж байгаад нас барсан даа. Хэдийгээр хань маань тухайн өдөр Сүхбаатарын талбай дээр нас бараагүй ч гэсэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртсэний улмаас нас барсан хүн. Гэтэл үүнийг мэдсэн ч мэдээгүй царайлдаг төр засаг, хэсэг бусаг хүмүүс байдагт гомддог. 2008 оны долдугаар сарын 01-ний үймээний улмаас 7 хүн нас барсан. Талийгаачдын 5 нь үймээн самууны үеэр нас барж, харин миний нөхөр болон нөхөр шиг маань цагдаагийн алба хаагч залуу үүргээ гүйцэтгэж ажилласаны улмаас амиа алдсан шүү дээ.
-Хүүхдүүд тань их нялх юм. Бага нь хэдэн настай юм бэ. Аавыгаа их санадаг байх?
-Миний нөхөр цагдаагийн байгууллагад ажилд ороогүй бол өдийд амьд сэрүүн, манай гэр бүл халуун бүлээрээ байхгүй юу гэсэн харамсал өөрийн эрхгүй төрдөг. Одоо бага охин маань 2 настай. Аавыгаа сайн мэдэхгүй болохоор нэхэж ч мэдэхгүй. Ээжийгээ л бараадна. Харин том охин маань 10 настай. Аавыгаа байнга асуудаг, хаашаа явсан, хэзээ ирэх бол гээд л их хүлээдэг байсан. Одоо ойлгодог болсон юм байлгүй, хааяа нэг аавынхаа тухай ярьдаг юм. Харахад сэргэлэн, цовоо зүгээр байгаа юм шиг хэрнээ, дотроо их санаж, хүлээгээд байгаа юм болов уу гэж бодох ч чаж туслахаа мэдэхгүй юм аа. Гагцхүү харамсах зүйл бол, хэрэв миний хань цагдаа биш байсан бол долдугаар сарын 01-нд хамгаалалтад гарахгүй, хамгаалалтад гараагүй юм чинь эрүүл саруул, охидтойгоо элэг бүтэн амьдарч байхгүй юу гэж бодогддог юм. Ажилтай ажилгүй нь яах вэ, айл гэр элэг бүтэн, охид маань аав, ээжтэйгээ хамт амьдрах нь хамгийн сайхан шүү дээ.
-Цагдаа нар сонгуулийн хамгаалалтад ажиллаж байгаад шууд Сүхбаатарын талбай дээр татагдаж очиж, ажилласан гэж сонсч байсан. Таны нөхөр долдугаар сарын 01-ний өмнө хаана хамгаалалтад гарч байсан бэ?
-Сонгуулийн хамгаалалтад гарлаа гээд гэрээсээ яваад Баянхошуунд гарч байна гээд гурав хоносон. Долдугаар сарын 01-нд хамгаалалтаас буулаа. Гэртээ очиж байна гээд яриад удаагүй эргэж залгаснаа Сүхбаатарын талбай дээр жагсаал болж байна, тэнд хамгаалалтад гарахаар боллоо гэсэн. Ингээд утас нь холбогдохоо байсан. Тиймээс бид телевизээс л мэдээлэл авч байсан. Нөхөр маань хаана, яаж ажиллаж байгааг бүү мэд. Мэдэх ч боломжгүй болохоор утсаа нээгээд залгах байх гэж хүлээж байсан.
-Ажлын газраас нь мэдэгдсэн үү, аль эсвэл...?
-Долдугаар сарын 01-ний шөнө 01.00 цагийн орчим ажлын газраас нь утсаар ярьсан. Бэртсэн, эмнэлэгт, госпитальд байна. Бие нь гайгүй байгаа. Ар гэрээс нь хүн ирж авах хэрэгтэй байна. Гадуур хөл хорио тогтоосон асуудалтай байгаа болохоор цагдааг ганцааранг нь явуулж болохгүй байна гэсэн. Тиймээс би такси бариад очсон. Гэтэл нөхөр маань нэлээд бэртсэн, ганцаараа явж чадахгүй байсан. Түшиж машинд суулгаад гэртээ ирэхэд гайгүй байх шиг байсан. Хэсэг унтаад сэрэхэд бие нь эрс муудаж, ухаан алдсан. Ингээд түргэн дуудаж, эмнэлэгт хүргэхэд шууд хэвтүүлээд, тархины зураг авч, эмчилгээг нь эхлүүлсэн.
-Шинжилгээний хариу нь яаж гарсан бол?
-Шинжилгээний хариу нь гарахад тархины зургийг бас авсан байсан. Гавлын яс нь цуурч, зөрсөн. Хүнд гэмтэлтэй гэж гарсан. Тархи руугаа хүнд зүйлээр цохиулж гэмтсэн байна гэсэн. Үймээний үеэр толгой руугаа чулуугаар цохиулаад унахад, хүмүүс ирж толгой руу нь баахан өшиглөсөн гэж ярьдаг байсан.
-Гэмтсэн цагдаа нарыг хаана хэвтүүлж эмчилж байсан юм бол. Таны нөхөр хаана хэвтсэн бэ?
-Төрийн тусгай эмнэлэгт 1 сар хэвтэж, эмчлүүлсэн. Ухаангүй их удсан. Тэгж байгаад арай дээрдэж, эмнэлгээс гарсан. Нийтдээ 3 удаа хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд гайгүй боллоо гээд ажилдаа орж ажиллаж байгаад ухаан алдаж унаад байна гээд ажлаасаа гарсан. Ажлаасаа гараад удаагүй явж чадахаа байсан. Тэргэнцэртэй, гэртээ байдаг байхдаа сэтгэлээр их унасан. Ажилтай хамт олонтой байсан хүн, өөрөө ч босч чадахаа байгаад хүний гарт орохоор хэцүү байсан нь аргагүй болохоор бидний хувьд аль болох аяыг нь хардаг байсан. Тэгээд удаагүй нас барсан даа.
-Гол шаналгаа нь юу байсан бол. Бэртэл гэмтэл нь тийм их байсан хэрэг үү?
-Толгой нь байнга өвддөг, тэгэхдээ байж ядтал нь өвддөг байсан. Их шаналгаатай, ядарч, туйлдаж байсан. Байнга эм ууна. Сүүлдээ эмэндээ дарагдахаа байгаад хүчтэй эм уухгүй бол намдахаа байсан. Нөхөр ажилгүй, цалин хөлс гэх юм байхгүй болохоор яг үнэндээ хэрэгтэй эм тариаг нь авч өгч чадахгүй байсан учраас архи уухад нь татгалзаж чадаагүй. Тэгээд ч нөхөр маань бага багаар архи уухаар өвчин нь арай намдаж байна гэдэг болсон. Яг үнэндээ архинаас өөр өвчин дарах эмчилгээ манайд байхгүй болчихсон. Өвчнөө дарах гээд л архи ууна. Уухаар өвчин нь арай намдаж байна гээд жаахан унтдаг байсан. Нас барсан шалтгааныг тархины үйл ажиллагаа саатсан, зүрхний ачааллаа дийлээгүй гэж эмч нь тайлбарласан. /уйлав/
-Байгууллагаас, төр засгаас тусалсан л байх. Талийгаач төрийн хамгаалалтад ажиллаж байгаад гэмтсэн алба хаагч шүү дээ?
-Цагдаагийн байгууллага ямар санхүүжилттэйг надаар хэлүүлэлтгүй олон хүн мэдэх байх аа. Нөхрийн маань гэмтэл тухайн үедээ гэмтсэн цагдаа нараас арай хөнгөн, бас ил харагдах гэмтэл шарх бага болохоор байгууллагаас тусламж дэмжлэг гэж үзүүлсэн зүйл байгаагүй. Харин нэлээд хойно, би багаа төрүүлэх гээд эмнэлэгт хэвтэж байхад улсаас тусламж өглөө гээд бөөн баяр болсон ирсэн. 750 мянган төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн байсан. Байгууллагаас нь тодорхойлж, уг тэтгэмжийн улсаас олгосон гэж сонссон. Уг нь нөхөр маант хүнд бэртсэн. Тиймээс төрөөс өгөх тусламж нь 3.000.000 төгрөг байх байсан гэсэн. Даанч тэр үед нь би төрөх гээд, нөхрийн маань ажлын зав амжихгүй байсаар, хөнгөн гэмтэл гэсэн тодорхойлолтоор 750.000 төгрөгийн тэтгэмж авсан юм билээ. Тэр тэтгэмжийг аваад нөхөр маань үнэхээр их баярлаж байсан. Харин нас барахад л алба хаагчдаас нь цуглуулсан гэж мөнгө авчирч өгсөн. Ажил явдлын үеэр дарга нар нь ирж бид нартай уулзсан.
-Долдугаар сарын 01-нд хаана хамгаалалтад гарсан юм бол?
-МАХН-ын байрны эгц урд хамгаалалтад гарсан гэж ярьдаг байсан. Тэгээд өдөр тийшээ баруун талд нь хамгаалалтад гарсан гэсэн. Нөхөр маань нэгдүгээр тасагт ажиллаж байсан болохоор дандаа нэгдүгээр нүүрт хамгаалалтад гарч байсан гэж ярьдаг байсан.
-Танд гэр өгөхөд, аваагүй татгалзсан гэж сонссон. Ямар шалтгаанаар гэрээс татгалзсан юм бэ?
-Цагдаагийн ерөнхий газарт өргөдөл өгсөн. Удаа ч үгүй, өнгөрсөн намар Эргүүл хамгаалалтын газар дуудаж байна гээд очсон. Очиход газрын дарга, Б.Ганзориг дарга хүлээн авч уулзаад гэр өгөхөөр боллоо гэсэн. Тусламжаар ирсэн гэр, бэртэж гэмтсэн, хүнд нөхцөлд амьдарч байгаа алба хаагчиддаа тусалж байгаа гэсэн. Миний хувьд гэр авахгүй гэдгээ хэлсэн. Хоёр нялх охин, 70 дөхсөн хадам аавтайгаа хамт амьдардаг надад гэр арчилж явах үнэндээ сэтгэлд багтаагүй. Түүнээс цамаан зан гаргасан зүйлгүй. Манайх хашаа байшинтай. Байшин хэчнээн муу байлаа ч гэрээс илүү зүйл олон шүү дээ. Тиймээс юуны өмнө, гэрээс илүү бидэнд нэг өрөө байрны тусламж үзүүлээч гэж гуйсан. Мөн би эрх зүйч мэргэжилтэй. Тиймээс мэргэжлийн дагуу ажиллах боломж нөхцлөөр хангаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Тэгэхэд Ганзориг дарга, бид боломжийнхөө хэрээр тусалж байна. Ямар ч байсан хүсэлтийг чинь хүлээж авлаа. Судлая, хамгийн гол нь Эргүүл хамгаалалтын газарт алба хаагчдын орон сууц ч гэж байдаггүй болохоор орон сууц төдий, өдийг өгнө гэж амлаж чадахгүй нь гэдгээ хэлсэн. Хэдийгээр газрын дарга нь ингэж хэлж байгаа ч бид горьдлого тасрахгүй хүлээж л байна. Байгууллага биш юм гэхэд, төрийн төлөө тангараг өргөж, үүргээ гүйцэтгэж яваад бэртэж гэмтэн амиа алдсан цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд төр засгаас Засгийн газраас туслах байх хэмэн хүлээдэг юм.
-Гэрийг нь авчихгүй яасан юм. Ядаж зараад хэдэн төгрөгийг нь хэрэглэхгүй юу?
-Тэр гэрийг авчихвал дахиад тусламж үзүүлэх боломжгүй болчих байх гэж бодсон юм.
-Өөр ямар тэтгэмж, тусламжинд хамрагддаг юм бэ?
-Тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Тэгээд 21.000 төгрөг байна. Ингээд л амьдардаг даа. Сая, нэгдүгээр сард түр ажилд орсон. Хувийн байгууллага болохоор орлогоосоо шалтгаална гэсэн. Орлого сайн бол 300.000 гаргаж цалин авна гэж хэлсэн.
-Хадам аавтайгаа хамт амьдарч байсан гэсэн. Ингэхэд хадам аав тань хаана ажиллаж байсан хүн бэ. Талийгаачаас өөр танайхнаас цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүн байгаа юу?
-Хадам аав маань цагдаад ажиллаж байсан хүн. Мөн хадам ах маань одоо ч цагдаад ажиллаж байгаа. Тиймээс манай нөхөр цагдаад ажиллана гээд сонголтоо хийгээд ажилд орсон. 1980 онд төрсөн хүн. Гэтэл хүсч, дурлаж орсон ажлаа ганцхан жил л хийгээд амиа алдчихлаа. Ажилдаа дуртай, хэнхэг нь дэндэж ажилладаг байсан болохоор тухайн үед бас л тэгж ажиллаж байгаад бэртсэн байхдаа хэмээн харамсдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ