Явуургүй уриа ЯЛАХГҮЙ


Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа эд өрнөж байна. Хаалга тогших настай эгч нар зүс үзэж, нүүр тулж уулзаагүй хүмүүсийн зурагтай сэтгүүл өгөөд "Багаар нь дэмжээрэй" гэх үг дайх юм.
Өнгөрөгч зургадугаар сард УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болсон. Энэ сонгуульд МАН-аас "Багаар нь дэмжье" гэх уриалга дэвшүүлсэн. Үүнийгээ ч ялалт байгуулахад хувь нэмэртэй үг байсныг өөр зуураа ярилцах юм билээ. Гэвч "багаар нь" гэх энэ үг иргэдэд тэр дундаа өндөр настнуудад эргэлзээ төрүүлж байна. Тэд "Багаар нь дэмжиж, нэг намын нэр дэвшигчдийг л дугуйлахгүй бол санал нь хүчингүйд тооцогдоно гэх шив" гэж мунгинаж сууна. Ингэж сонгогчдод сонголт тулгах эрх хэнд ч үгүй.
Монгол Улсын иргэний сонгогдох, сонгох эрхэд:
-Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно гэж заасан байдаг.
Тиймээс багаар нь дэмжих алба үгүй. Намыг биш хүнийг харж дугуйлах боломж ч танд бий.
Хүссэн хүсээгүй бид нэгнийх нь нэрийг дугуйлж таарна. Харин хэнийг вэ гэдэг чухал. Энэ удаагийн сонголтдоо ул суурьтай чамбай хандахгүй бол дахиад л төрд гомдсон, цөхөрсөн он жилүүдийг туулна. Атал үүнийг л сонгоё гээд итгэл дүүрэн дугуйлчих хүн цөөн. Тэгвэл ядаж л сэтгэлтэйг нь олж сонгоё. Хүнд сэтгэл байхад олон зүйлийг бүтээж болдог.
Хэт драмлаг жүжиглэлт, нялуун үгсээс илүүтэй итгэл төрүүлэхүйц үнэнг нь, амбиц, алдар нэрд дуртайг биш амьдрал мэддэгийг нь таньж дугуйлъя л даа. “Хэдүүлээ хуваад идчихье ээ, чишш” гэхэд “Энэ чинь иргэдийн өмч” гээд ширээ цохиод босоод ирэх шударгыг нь олъё л доо.
Бэл бэлчинтэй, бэлэн мөнгө амалсныг биш. Үрээд л дуусах мөнгөнөөс илүүтэй ирээдүйд тайван амгалан амьдрахад гар татахгүй нэгийг гаргаад үзье.
Болж л өгвөл идэж уучих гээд байхыг огт биш. Боломж нөхцөл, багахан дэмжлэг байхад босоод ирэх бизнесийг дэмжихийн төлөө шатаж, шаналж чадахыг нь сонгоё.
Аягахан хоолны төлөө аль байдгаараа тэмцэж яваа амьдралыг зүрхээрээ мэдэрч нойргүй хөрвөөн үүр цайлгаж чадах нэгнийг төрд төлөөлөл болгон илгээе. Дараа нь тэднийд дайлуулсан шиг гурилтай шөл шорхийтэл сорж суух гудиггүй нөхрийг л дугуйлъя.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ