“Фронт” С.Цэгмид: Сайхан хувь заяанд төрсөндөө бахархаж байна

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн II-р дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод, Зөвлөлтийн  ард түмэн, Улаан армид хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг Ялалтын баярын 75 жилийн түүхт ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Ард түмнүүдийг хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах” зарлигийг гаргасан.

 

Цар тахлын улмаас улс хоорондын хил хаалттай учраас төрийн дээд шагналыг Монгол Улс руу авчрах боломжгүй байсан юм.

 

Тэгвэл өчигдөр/2020.10.06/ Холбооны “Россотрудничество” агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Оросын шинжлэх ухаан соёлын төвд С.Цэгмидэд ОХУ-ын төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах ёслол боллоо.  Шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И. К. Азизов гардууллаа.

 

ОХУ-ын төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г нийт 1212 хүнд гардуулсан  байдгаас дэлхийн 13 орноос гадаадын 40 иргэн энэ одонгоор шагнагдсан байдаг аж.

 

 

ОХУ-ын Элчин сайд И.К. Азизов:

 

-1942 оны арванхоёрдугаар сард Монгол Улсаас Зөвлөлт Улсад зориулсан бэлгийн гурав дахь цуваа ЗХУ-руу хөдөлсөн. Тус цуваа нь нийт 217 вагонтой байсан бөгөөд Улаан арми, ЗХУ-ын ард түмэнд хандивласан нэхий дээл, өвлийн гутал,  хоол хүнс бусад эд хэрэгсэл ачсан байсан. Дагалдаж явсан хүмүүсийн дунд малчин бүсгүй С.Цэгмэд байлаа. Үслэг малгай өмссөн 19 настай С.Цэгмид бүсгүй фронтод ирж, Улаан армийн цэргүүдэд Монголоос авч ирсэн бэлгийг гардуулж өгч байгаа гэрэл зураг Орос Монгол улсын найрамдлын түүхэнд тод үлдсэн. С.Цэгмид гуай Монголын ард түмэн ЗХУ-ын ард иргэдэд үзүүлсэн тусламжийн бэлэг тэмдэг болсон. Улс орныхоо эдийн засгийн дайны байдалд бүрэн шилжүүлсэн. 

 

Монголын эгэл жирийн ард түмний байгуулсан хөдөлмөрийн гавьяа мөн дайны хүнд хэцүү он жилүүдэд ЗХУ-ын ард түмэнд үзүүлсэн Монгол Улсын дэмжлэгийг Орос улсад үргэлж дурсан санаж, өндрөөр үнэлдэг.

 

Орос Монгол хоёр улсын түүхэнд энэхүү алдар гавьяат хуудсыг бичихэд гар бие оролцсон С.Цэгмид гуай танд гүнээ талархаж байна. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж, ОХУ-ын Төрийн одон медалийг гардуулахыг зөвшөөрнө үү? гэлээ.

 

“Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” хүртсэн Дундговь аймгийн уугуул, малчин “Фронт” С.Цэгмид гуай эдүгээ 98 настай, үр хүүхдүүдийн хамт энх тунх аж төрж байна.  ОХУ-ын төрийн дээд шагнал хүртсэн мөчид түүний  сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр,

 

-Өнөөдөр миний дээд баяр болж байна. Надад хүндэтгэл үзүүлж, энэ сайхан одонгоор  шагнаж байгаад баяртай байна. Мал малласаар байгаад л ийм гавьяанд хүрдэг юм байна. Таван хошуу малын буян. Ээжийн минь буян.  Төрийнхөө бүх дээд шагналыг авч байна. Хачин сайхан хувь заяанд төрсөн хүн юм. Би их юм хийсэн хүн биш шүү дээ. Төрийн дээд шагналуудыг авч байна. Улам л урт наслах юмсан гэж бодож байна. Хачин сайхан хувь заяанд төрсөн хүн юм даа. Би фронтод явж байсан тухайн үеийнхээ дурсамжийг бүгдийг санаж байна. Энэ сайхан шагналаа өөрөө гардаж авах гээд хөдөөнөөс давхиад ирлээ. Бие эрүүл сайхан байна. Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж байгаад баяртай байна.  Манай хоёр улсын найрамдал улам батжих болтугай" гэв. 

 

 

 

М.Насан
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хурай хурай хурай
2020-10-07