Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.14/ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1352 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1350 хүнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 30 настай, эрэгтэй, 20 настай, эмэгтэй байна.
Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь есдүгээр сарын 9-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 53 настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолооч байгаа.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 311 байгаа. Нийт эдгэрээд гарсан 311 хүний 10 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 297 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 9 хүн эмчилгээнд байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Өнөө өглөө ажиглах байранд тусгаарлагдаж байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж хүүтэй боллоо. Баяр хүргэе.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ