Э.Дөлгөөн: Бид нэг ч төгрөг нэхээгүй, цаашид ч нэхэхгүй


“Хаппи Фловерс” компанийн хүүхэд асрах үйлчилгээний талаар Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар мэдээлэл хийлээ.
Иргэн Э.Дөлгөөн:
-Бид “Хаппи Фловерс” компанийн захирал Э.Ууганцэцэг гэдэг хувь хүний нэр төр болон өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж ирсэн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, хуулийн дагуу ижил төрлийн бизнес, үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг буруутгах гэсэнгүй.
Цахим орчинд хувь хүмүүс хоорондын хэрүүл маргаан мэт харагдаж магадгүй. Сүүлийн 24 цагийн хугацаанд 45 санал гомдол ирсэн байна. Тиймээс энэ зөвхөн нэг айлын асуудал биш, олон айлын асуудлыг хөндөж ярьж байгаа юм.
Бид сүүлийн хэдэн жил Швед улсад үйлчилгээний салбарт ажиллаж байсан. Бид баг бүрэлдэхүүнээрээ долоон төрлийн контент бэлтгэж ажилладаг. Манай баг хамт олон бусад мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон ярилцлага контент бэлтгэж ирсэн. Бусдын адил байрны болон банкны зээлтэй гэр бүл. Хүүхэд асрах туслах хүн байхгүй. Тиймээс бид хоёул зайлшгүй ажиллах шаардлагатай.
Э.Ууганцэцэг гэдэг хүн бидэнд хамтарч ажиллах санал тавихад нь үнэхээр энэ үйлчилгээ хэрэгтэй байсан учраас үйлчилгээг нь туршиж үзэхээр болсон. 2020 оны нэгдүгээр сард хүүхэд асрах үйлчилгээг аваад туршиж үзээд дөрвөн сарын дараа буюу мөн оны тавдугаар сард хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Үүнээс хойш асрагчид солигдож, үйл ажиллагааны доголдол бага багаар илэрч асуудлууд үүсэж эхэлсэн. Гэсэн ч бид энэ салбар хөгжих шаардлагатай гэж бодоод хүлээцтэй хандсан. Охин минь наймдугаар сарын 04-нд асрагчийн хайхрамжгүй байдлаас болж биеийнхээ гурван хэсэгт улайсан, түлэгдсэн, хөхөрсөн байдалтай байсан.
Бид тухайн байдлыг харсан даруйдаа зургийг нь дараад асрагч болон хариуцсан менежер, захиралд нь зураг илгээж гомдлоо мэдүүлсэн. Энэ асуудлаас үүдэн асрагчаа сольж өгсөн ч үйл ажиллагааны дутагдал нь хэвээр байсан учраас мөн манайд ажиллаж байсан дөрвөн охины цалинг өгөөгүй байсныг нь мэдсэн. Бид хоёр удаа нэмж гомдол гаргасан. Нийтдээ гурван удаа гомдол гаргасан. Гомдлыг минь хүлээж авч асуудлаа шийдвэрлээгүй.
Үйлчлүүлэгч, контент бүтээгчдийн зүгээс дахин охин шиг минь байдал үүсэхээс сэргийлж мөн үйл ажиллагаагаа илүү сайжруулаасай гэсэн үүднээс өөрсдийн үзэл бодол сэтгэгдлээ нийтэлсэн. Үүний дараа цахим орчинд хувь хүн рүү халдсан худал мэдээлэл гүтгэлэг хийсэн. Э.Дөлгөөн өөрөө хүүхдээ гэмтээсэн. Байгууллагаас 25 сая төгрөг нэхэмжилсэн. Хүүхдээ үнэгүй асруулсан гэх мэтчилэн худал мэдээлэл тараасан. Бид нэг ч төгрөг нэхээгүй. Цаашид ч нэхэхгүй.
Энэ асуудал даамжирч нэр бүхий олны танил, олон дагагчтай хүмүүст хүрсэн. Тэр хүмүүс нь бидний тухай ор үндэсгүй, нотлогдоогүй мэдээллээр үргэлжлүүлэн цуурхал тарааж эхэлсэн. Хандиваар хурим хийсэн, хандиваар байр авсан. Нэг ч татвар төлдөггүй гэх мэт нотлоогүй мэдээлэл тарааж ард иргэдийг турхирсан. Үүнээс болоод нийгэм даяар бидний гол ярьж байгаа үйлчилгээний тухай бус өөр зүйл рүү төөрөгдөж манай гэр бүл рүү чичилж доромжилж байна.
Үнэнийг хэлсэн хүн нь буруутан болдог байдал манай гэр бүлд дээр жишээ болж байна. Ингэхээр хүний шударга үнэнийг хэлж чадахгүй айдаг болдог юм байна. Хүүхдэд чиглэсэн үйлчилгээ нь асуудалтай байгаа талаар үнэнийг хэлэхээр буруутан болж, гүтгүүлж байгаа нь харамсалтай. Энэ үүссэн нөхцөл байдал нь гэр бүл, өвчтэй хоёр ээж, найз нөхөд, хамтран ажиллаж байгаа хүмүүст маань сөргөөр нөлөөлж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ