ШУУД: Хэнтийд хулгайн замаар очсон хоёр хүний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

Хэнтий аймагт коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ.
Тодруулбал, тухай иргэд нь арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар гэртээ очсон бөгөөд түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан байна. Тус иргэний маршрутыг нарийн тогтоохоор ажиллаж байгаа аж. Мөн Хэнтий аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хаах, явган болон автомашинтай хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан байна.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат:
-Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг хариу гарлаа. Тухайн иргэд нь арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар буюу Цэнхэрмандалын постноос буцаахад голынхоо урдуур, Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар хөндлөн гарч Хэрлэн гол дагуу явж, аймгийн урд талын шатахуун түгээх станцаар үйлчлүүлэн 70 км зайд Заанширээ гэдэг газар гэртээ байгаа гэсэн өгүүлэмжтэй байна. Сумын эрүүл мэндийн төвөөс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авсан. Хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж зарим шийдвэрийг гаргаж байна.
Нэгдүгээрт, Хэнтий аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг хаах
Хоёрдугаарт, бүх үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоох, аймгийн төвд гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хаана. Мөн явган болон автомашинтай хөдөлгөөнийг бүрэн зогсоох шийдвэр гаргаж байна. Тухайн иргэдийн маршрут, хавьтлуудыг тогтоох ажлыг эхлүүлээд байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ