Нийслэл гурван сарын хүнсний нөөцтэй

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:
-НОК-ын Шуурхай штаб болон дүүргүүдийн онцгой комиссын шуурхай штаб, нийслэлийн гамшгаас хамгаалах албадад нийт 25 мянга гаруй албан хаагч ажиллаа. Нийслэл хотын хэмжээнд коронавирусийн түргэвчилсэн оношилгооны цэгийг нэмэгдүүллээ. Одоогийн байдлаар 18 цэг дээр шинжилгээ авч байна. Мөн өрхийн эрүүл мэндийн 84 төвд шинжилгээ авч, нийт 102 цэг дээр шинжилгээ авч байгаа.
Өчигдрийн байдлаар 3386 иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авсан. Уг шинжилгээгээр 12 эерэг хариу гарсан. Үүнээс баталгаажуулахад бүгд сөрөг гарсан байна. Иргэдийн хүнсний хангамж сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотын захирагчийн албатай хамтран хүнс, махны нөөцийн худалдааны чиглэлээр эрчимжүүлэх ажил зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар 14 байршилд 50,3 тонн махыг нийлүүлж худалдаалах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ ажил нь тав дахь өдрөө зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид ч авч хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Бусад хүнсний нөөцийн тооцоо судалгааг гаргаж байгаа. Өдөр бүр нөөцийн судалгааг хийж байна. Өдөрт дунджаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 4 мянга орчим аж ахуй нэгж байгууллагын хүнсний өргөн хэрэглээний тооцоог гаргаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот 35-110 хоногийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөцтэй гэсэн тооцоо судалгаа гарлаа.
Өнөөдрийн байдлаар 92 чиглэлд 870 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 07:00-10.00, оройны 17.00-20.00 цагийн хооронд нийтийн тээвэр үйлчилнэ. Өнөө өглөөний байдлаар 47726 иргэн нийтийн тээврээр үйлчлүүлсэн байна. Нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эцсийн зогсоол болон дундын зогсоолууд дээр 2500 удаа хийлээ. Мөн иргэдэд зөвлөмжийг хүргэж ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор Улаанбаатар хот руу орсон 1765, гарсан 1926, нийт 3900 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. Мөн 7659 иргэн гарсан. Иргэдээс асуумж авч, эрүүл мэндийн зөвлөгөө тандалт хийж байна.
Нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байгаа. Худалдааны төв, нийтийн эзэмшлийн талбай, их дээд сургуулийн оюутны дотуур байруудад халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна. 42 оюутны дотуур байранд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт зохион байгуулж, халдваргүйжүүлж, хяналт тавьж байгаа.
Өчигдөр шөнийн байдлаар нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб дээр 1143 удаагийн дуудлага иржээ. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулбал 400 орчим нэгжээр нэмэгдсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо дунджаар 60-80 мянга орчим байсан. Арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын тоо нэмэгдэж 100 мянган орчим болсон. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийснээр автомашинуудын тоо тодорхой хэмжээгээр буурсан.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ