Б.Ууганбаяр: Асран хамгаалагчгүй 47 хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ОБЕГ-ын шуурхай штабын дарга, Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцов.
ОБЕГ-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн байдлаар дөрвөн тусгаарлах байрнаас 55 иргэн, орон нутагт Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт нийт 120 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Улсын хэмжээнд 175 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлэх арга хэмжээг авсан.
Мөн өнөөдөр тусгаарлах байранд байгаа хүмүүсийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Гэрийн ажиглалтад шилжүүлэх ажиллагааг ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, ирүүлсэн албан бичигт үндэслэж зохион байгуулж байгаа. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг 14 хоногийн хугацаанд халдвар хамгааллын дэглэм сахих үүрэг чиглэл өгсөн.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад 273 хүн бий. Орон нутагт 7210 хүн байгаа. Улсын хэмжээнд нийт 8484 хүн гэрийн ажиглалтад байна. Улсын хэмжээнд 68 тусгаарлах байранд ажиллагаа зохион байгуулж байгаа. Үүнээс Улаанбаатар хотод 20, орон нутагт 48 ажиглах байр бий. Тодруулбал, нийслэлд 1297 иргэн, орон нутагт 889 хүн, нийт 2186 хүн байна. Агаарын татан авалтаар ирсэн иргэдийн 21 хоногийн хугацаа дуусаж байгаа.
Улсын хэмжээнд 52876 м2 талбайг халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулсан. Сэлэнгэ аймгийн төв болон Мандал сумын дулааны станц дээр эвдрэл гарсантай холбогдуулан хөлдөлт, осол аваараас сэргийлэх зорилгоор аваарын бүлгийг томилон ажиллууллаа.
Мэргэжлийн хяналтын газраас 847 объектод хяналт шалгалт зохион байгуулж 225 зөрчил дутагдал илрүүлсэн. Үүнээс 189 зөрчил дутагдлыг нь засуулсан байгаа. Нийт 350 мэргэжлийн хяналтын улсын байцаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
МИАТ компаниас ойрын хугацаанд Улаанбаатар-Токио чиглэлд зорчигчтой, буцахдаа ачаа ачиж ирэх, Мөн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд зөвхөн ачаа тээвэрлэх нислэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа.
Улсын хэмжээд 32 түр хамгаалах байранд 130 хүн бий. Үүнээс 109 хүүхэд, насанд хүрсэн 21 хүн хамгааллын үйлчилгээ авч байгаа. Эдгээр иргэдийн 70-80 хувь коронавирус цар тахалтай холбоотойгоор тусламж дэмжлэг шаардлагатай тусламж дэмжлэг авч байна.
Архангай аймагт тохиолдол илэрсэнтэй холбоотой тус аймгийн эрүүл мэндийн төвөөс сэтгэлзүйн багийг ажиллуулж, сэтгэлзүйн тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Мөн Говьсүмбэр аймагт эрсдэлтд өртөж магадгүй 76 хүүхдийн судалгааг гарган ажиллаж байна. Сэлэнгэ аймагт эцэг эх нь хөл хорионд ороод, асран хамгаалагчгүй 47 хүүхдэд, хүүхэд хамгааллын байгууллагаас хүнс бусад дэмжлэг үзүүлэх ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. 24 цагаар 108 утас ажиллаж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ