Архангайн иргэнд анхны тусламж үзүүлэх үед нас барсан

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
НОК-ын Шуурхай удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:
-"Нэг иргэн-Нэг өрх" гэсэн тандалт судалгааны ажлыг зохион байгуулж байна. Үүний хүрээнд нийслэлийн есөн хэмжээнд 70 мянган өрхийг хамруулахаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд 58 мянган иргэнийг шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд нийт хамрагдах иргэдийн 82 хувь нь юм. Мөн УОК-оос гарсан чиглэлийн дагуу хөдөө орон нутаг руу иргэдийг явуулах, зорчуулах асуудал дээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 нийтийн тээврийн хэрэгслээр 3624 иргэн Улаанбаатар хотоос гарсан. Мөн 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн нийслэл рүү нэвтэрсэн байна.
Өнгөрсөн шөнө/2020.12.07/ өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр хувийн авто машинтай зургаан зорчигч ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээнд хамрагдаагүй байсан. Тиймээс өглөө PCR шинжилгээг авахаар төлөвлөн ажиллаж байлаа. Өглөө иргэн О-гийн биеийн байдал муудаж нийслэлийн түргэн тусламж дуудсан. Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эмч нар очиж анхны тусламж үзүүлж байхад иргэн нас барсан. Нас барсан шалтгаан нөхцөлийг цагдаа болон хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Нийслэлийн онцгой комиссоос өвчний голомт бүхий Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа иргэдийг зайлшгүй PCR шинжилгээ өгсөн тохиолдолд нэвтрүүлж байгаа.
Өнгөрсөн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор ачаа тээврийн болон хүнс худалдаа үйлчилгээ, эмнэлгийн хэрэгсэл ачсан 1396 тээврийн хэрэгслээр 3126 зорчигч нийслэл рүү нэвтэрсэн. Мөн 1826 тээврийн хэрэгслээр 7072 иргэн нийслэлээс гарсан.
Өнгөрсөн хоногийн хугацаанд 3024 тээврийн хэрэгсэлд QR код олгосон. Нийслэл хотын хэмжээнд 94 чиглэлд 853 тээврийн хэрэгсэл өдөр бүр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ