Коронавирусийн шинэ штамм: Түүний тухай бид юу мэдэх вэ?
2020-12-22

Коронавирусийн шинэ штамм Лондон, Английн зүүн өмнөд хэсэгт хатуу хөл хорио тогтоох шалтгаан болж, Англи, Шотланд, Уэльсийн оршин суугчид хатуу хязгаарлалт дунд нь Зул сарын баяраа тэмдэглэхээр болж, харин дэлхийн улс орнууд Их Британитай харилцах агаарын харилцаагаа зогсоов. Эрх баригчид нэн шуурхай, хатуу арга хэмжээ авахаас аргагүй байдалд хүргэсэн энэ штаммын талаар ВВС агентлагийн мэдээллийг товчлон хүргэж байна.

 

Шинэ штамм түгшүүр төрүүлж буйн учир

Коронавирусийн энэ мутаци нь энэхүү вирусийн бусад штаммуудыг маш хурдацтай шахан гарагдаг аж. Мутаци вирусийн онц чухал ач холбогдолтой хэсгүүдэд ч явагддаг гэнэ. Лабораторид хийсэн судалгаагаар энэхүү мутаци нь эд эс рүү хурдан нэвтрэх чадвартай нь тогтоогдсон бөгөөд эндээс үүдээд вирус өмнөх төрлөөс илүү хурдан тархана гэсэн таамаглал үүсчээ.

 

Гэхдээ, өмнөх вирусээс илүү хурдацтай тархана гэдэг дээр эцэслэсэн баталгаа, баримт байхгүй аж.

 

Шинэ штамм хэр хурдан тархдаг вэ?

Энэ мутаци анх есдүгээр сард илэрчээ. Гэтэл 11 дүгээр сар гэхэд л Лондон хотын халдваруудын 25 орчим хувь нь чухамхүү энэ мутациар халдварлагдсан байсан гэнэ. Харин 12 дугаар сарын дунд үе гэхэд 65 гаруй хувь нь энэ штаммаар үүсгэгдсэн байжээ.

 

Одоо математикчид шинэ штамм хэр хурдтайгаар тархах боломжтойг тооцоолохоор ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ вирус хэрхэх нь биш хүмүүс хэрхэнх биеэ авч явахаас ихээхэн зүйл шалтгаална гэж эрдэмтэд анхааруулсан байна.

 

Энэ штамм Нэгдсэн Вант Улс даяар тархаж, Лондонд илүүтэй дэлгэрчээ. Түүнчлэн Нидерланд, Өмнөд Америкт ч бүртгэгдсэн байна. 

 

Өмнө нь вирусийн мутаци гарч байсан уу? 

 

Аливаа вирус мутацид орон хувьсан өөрчлөгддөг бөгөөд коронавирус ч мөн өөрчлөгдөж байгаа гэнэ. Хятадын Ухань хотод анх илэрсэн коронавирус одоо дэлхий даяар илэрч буй коронавирус биш гэж эрдэмтэд тайлбарлажээ. Мутацид орсон D614G  хоёрдугаар сард Европт анх үүсчээ. Харин A222V штамм Европ даяар тархсан байна.

 

Илүү аюултай юу? 

Шинэ штамм илүүтэйгээр амь насанд халтай гэдгийг батлах ямар ч баримт байхгүй. Гэхдээ нөхцөл байдлыг хяналтдаа авах ёстойг эрдэмтэд анхааруулж байна. 

 

Хэдийгээр онцгой аюултай гэж шууд нэрлэх боломжгүй ч халдвартай хүн ихэснэ гэдэг нь эмнэлгүүдэд ихээхэн ачаалал үүсгэж, энэ хэрээр эрүүл мэндийн систем ганхах аюултай юм. Шинэ мутацийн халдвар хялбархан дамждаг бол одоогийнхоос хэд дахин их хүн эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай болно гэсэн үг.

 

Вакцин нөлөөлөх үү?

Шинэ штаммд одоогийн вакцин үйлчилнэ гэж хэлж болно хэмээн эрдэмтэд мэдэгджээ. Ямартай ч ойрын ирээдүйд вакцин үйлчилнэ гэж онцолсон байна.

 

Дэлхийн тэргүүлэх гурван вакцин нь коронавирусийн спайк уурагт организм дархлааны хариу өгөх чадварыг суулгадаг байна. Дархлааны систем нь вирусийн төрөл бүрийн бүрэлдэхүүн хэсгийг эсэргүүцэхүйц байлгах нөхцлийг вакцин үүсгэдэг бөгөөд ингэснээр вирус мутацид орсон ч вакцин урьдын адил үр дүнтэй байх гэнэ.

 

Гэхдээ цаашлаад мутациуд гарсаар байвал нөхцөл байдал хүндэрнэ гэж эрдэмтэд анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мутаци гарч шинээр мутант омог үүсчээ гэж бич.
2020-12-22