Иргэдийн ухамсаргүй үйлдлээс хөл хорионы дэглэм зөрчигдөж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж 14 хоногийн хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 23-наас 2021 оны 1 дүгээр сарын 06 хүртэл хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 15 чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагууд хязгаарлалтад хамаарахгүй.
Нийслэлд хатуу хөл хорио тогтоож буй учир нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс эхтэй голомтыг хумих, халдварын тархалтыг зогсооход оршиж байгаа. Тиймээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж буй.
Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 605 байгаа бол нийт батлагдсан тохиолдол 1069 болсон. Үүнээс нийслэлд батлагдсан тохиолдол 279 байгаагаас Баянзүрх дүүргийн голомтод бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 136 болжээ.
Шийдвэрийн хэрэгжилт ямар байна вэ?
Тэгвэл дахин хатуу хөл хорионд шилжсэн нийслэлчүүд шийдвэрийг хэрхэн дагаж мөрдөж буйг автозамын хөдөлгөөн, хотын гудмаар алхах иргэдээс харж болно. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн хатуу хөл хорионы дэглэм суларсан гэсэн үг. Нийтийн тээвэрт хүн хоорондын зайг баримтлах боломжгүй хэмжээнд иргэд зорчиж байна. Мөн орцонд орхисон архи пивоны шилнээс ахуйн архидалт ихсэж байгааг ч харж болно.
Хатуу хөл хорионд шилжих нь эдийн засагт хүндээр тусаж буй ч өөрийн болон өөрөөл бусдынхаа эрүүл мэндийн төлөө өнөөдөр иргэн та гэртээ байж, халдвар хамгааллын дэглэм баримтлах нь чухал болоод байна.
Хэрэв иргэн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй бол хатуу хөл хорионы дэглэм сунгагдаж ч магадгүй юм.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ