БЗД-ийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.28/ хийлээ.
ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал:
-ХӨСҮТ-д биеийн байдал нь маш хүнд байсан нэг хүн сайжирч хүнд зэрэгт шилжсэн. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд байсан гурван хүний нэг хүн нь хүнд зэрэгт шилжлээ. Хоёр хүн маш хүнд байгаа. Маш хүнд байгаа хоёр хүний нэг нь 81 настай, эрэгтэй хүн бий. Зүрхний шигдээс, тархины цус харвалттай бөгөөд коронавирусийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Улсын I,II,III дугаар төв эмнэлгийн эмч нар хамтран ажиллаж байна. Мөн 73 настай эмэгтэйгийн биеийн байдал маш хүнд байгаа. Тухайн иргэн 12 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргээс шилжиж очсон. Хуучин сүрьеэгээр өвдөж байсан үлдэцтэй, артерийн даралт ихэсдэг, цус багадалтын хүнд хэлбэртэй. Баянзүрх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт байгаа 4 хүүхэд, 2 насанд хүрэгчдийн биеийн байдал тогтвортой байгаа.
Хавдар судлалын үндэсний төвд нас барсан тохиолдлын талаар мэдээлсэн. 12 дугаар сарын 19-нд 60 настай эмэгтэй ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг 4 цаг 20 минут авсан. Эмнэлэгт ирэх үедээ унтаа байдалтай, хар хүрнээр бөөлжиж байсан. Эмчийн өгсөн командыг ойлгож байгаа боловч хариу үйлдэл үзүүлж чадахгүй маш хүнд хүн ирсэн. Ямар нэгэн амьсгалын замын зовуурь хэлээгүй. Тухайн хүн 2018 онд элэгний зүүн дэлбэнгийн хавдартай гэж оношлогдож байсан. Элэгний хорт хавдрын хожуу үе шаттай, хавдрын хордлоготойгоор эмнэлэгт ирээд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг үзүүлж байхад нас барсан. Тухайн үед хамар залгиурын шинжилгээг авах боломжгүй байсан. Ингээд 12 дугаар сарын 25-ны өглөөний 07 цагт шарилыг ар гэр нь авсан.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ