Шинэ онд-Шинэ санаа

Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер ван дер Валын “XXI зууны төрийн албаны менежер” номыг энэ удаад онцлон уг номоос сонирхолтой 10 ишлэлийг та бүхэнд хүргэж байна.
“Амжилттай ажиллаж, ахиц дэвшил гаргахад техникийн мэдлэг, сургалттай холбоотой “хатуу” ур чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ манлайлал, харилцааны эв дүй, цагийн менежмент зэрэг хувь хүний “зөөлөн” ур чадвар чухлаар тавигдах боллоо.
Бид хамгийн сүүлийн үеийн олон улсын практик шалгуурыг давж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан сурах бичиг, зохиол бүтээлийг сонгон, зохиогчийн эрхийг авч хэвлэн нийтэлж буйн нэг нь төрийн албаны удирдах ажилтны ур чадварын тухай профессор Зегер Вандер Валын энэхүү ном билээ.” хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг энэхүү номын тухай онцолжээ.
Уг номыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг Штөлөвшүүлэх нь” төслийн хүрээнд монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдын гарт цаасан хэвлэлээр болон цахим хувилбараар хүргэсэн байна.
Энэхүү ном нь монгол хэлнээ хэвлэгдэн гарсан цагаасаа эхлэн төрийн албан хаагчдын дунд хамгийн эрэлт ихтэй ном болоод байгаа юм. Зохиогч тус бүтээлдээ Дэлхийн улс орнуудын эдийн засаг улам илүү харилцан хамааралтай болж, эрх мэдлийн шилжилт Ази руу чиглэж байгаа зэрэг чиг хандлагуудыг олон эх сурвалж, улс орнуудын жишээ, тоо баримт ашиглан тоймлон өгүүлжээ.
Түүнчлэн 1995 оноос хойш төрсөн “унаган дижитал” - Z үеийнхэн төрийн албанд элсэж байгаа, тэдний онцлог байдлыг таньж мэдэх, тэднийг зөв чиглүүлэн удирдах талаар сонирхолтой санаануудыг уг номоос Та олж мэдэх болно.
1. Төвөгтэй, хувьсамтгай, эргэлзээтэй, тодорхойгүй VUCA гэх үзэл баримлтлал нь төлөвлөлт хийх, тодорхойгүй орчинд үйл ажиллагаа явуулахад бэлтгэх ажлыг сэдэлжүүлэх зорилгоор бий болжээ. VUCA орчинд зохицож ажиллах чадвартай байх нь XXI зууны төрийн албаны менежерийн өргөн хүрээтэй, чухал ур чадвар юм.
2. Үр нөлөөтэй, амжилттай менежер байхыг хүсэж байгаа хэнд ч XXI зуунд дан ганц ур чадвар, арга хэрэгсэл хангалтгүй. Төрийн албаны үзэл санаа, үнэт зүйлс, зөв сэдэлтэйгээр ажиллах ёстой. Төрийн албан хаагчид бусдын төлөө санаа тавих дотоод мөн чанарт тулгуурласан сэтгэлгээ мөн тэгш байдал, нийгмийн шударга ёс, хариуцлагатай байдал зэрэг нийгмийн үнэт зүйлсэд тулгуурлаж байх хэрэгтэй. Судлаачдын олонх нь эдгээр үнэт зүйлсийг хувийн салбарын ашигтай ажиллах, өрсөлдөөн зэргээр тодорхойлогддог үзэл санаатай адилтгаж болохгүй гэж үздэг.
3. Аливаа хүний үйлдэл түүний ёс зүйн цорын ганц илэрхийлэл байдаг.
4. Бид Twitter, Facebook ирээдүйд ямар болох эдгээр платформ улс орны хөгжлийн менежментэд эерэгээр нөлөөлөх үү, сөргөөр нөлөөлөх үү гэдгийг хэлж мэдэхгүй. Гэхдээ бидний мэдэж байгаа зүйл бол төрийн албаны менежерүүд сошиал медиагийн боловсролоо эрс сайжруулахгүйгээр олон талт нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй болно. Зарим улс орон энэ чиглэлээр бусдаас түрүүлэн ахиц гаргаж байна. Жишээлбэл, АНУ, Их Британи, Австралийн Засгийн газрууд төрийн байгууллагуудад сошиал медиа хариуцсан захирлуудыг томилж эхэлжээ. Эстони, Ирланд, Шинэ Зеланд, Сингапур зэрэг орнуудын төрийн байгууллагуудад бодлогын мэтгэлцээнд анхдагч байхын тулд сошиал медиаг маш идэвхтэй ашигладаг байна.
5. Төрийн албаны XXI зууны менежер улс төрийн мэдрэмж, овсгоотой байх шаардлагатай. Энэ мэдлэг чадвар бүх салбарын удирдах албан тушаал, ялангуяа удирдах дээд албан тушаалд ажиллаж байгаа хүмүүст хамааралтай. Бодлогын үр дүнгийн талаар төвийг сахисан байх. Улс төрийн мэдрэмж, овсгоотой байх гэдэг нь “жижиг” ба “том” албан ба албан бус улс төрийн аль алинд нь хамааралтай. Нөхцөл байдлыг ойлгож, түүнд зохицож ажиллахад туршлага, тэвчээр, чөлөөт сэтгэлгээ, мэдрэмж нь сургалтын хөтөлбөрөөс ч илүү хэрэгтэй.
6. Навваро ба Коттер нарын анх 1980 онд бичсэн “Даргатайгаа хэрхэн ажиллах вэ” гэдэг алдартай өгүүлэлдээ дээд удирдлагатайгаа харилцах хоорондын харилцааг сайтар ойлгох нь аливаа менежерийн амжилтын гол түлхүүр гэдгийг онцолсон. Хэрэв үндэслэл сайтай, шийдлийг олоход чиглэсэн байдлаар харилцаж чадвал “эх мэдэлтэнд үнэнийг хэлэх нь” үр дүнтэй. Үүнтэй төстэйгээр шинэ даргатай хэрхэн харилцах талаар 5 зөвлөгөөг өгчээ.
- Шинэ харилцаанд суралцах
- Хэв маягийг нь ажиглах
- Удирдлагынх нь анхаарлыг юу татаж байгааг ойлгох
- Хамтран ажиллах
- Илэн далангуй байх
7. Төрийн албаны менежерүүд өөрчлөлт, шинэчлэлт хийх, тайлагнах, төсөв боловсруулах, хэрэгжүүлэх талаар хариуцлага хүлээхийн зэрэгцээ тэдэнд өөртөө итгэлтэй оюуны хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудтай зөрчилдөх, эрх мэдлийн төлөө тэмцэлдэх явдал зайлшгүй тулгардаг. Амжилттай ажиллахын тулд нөхцөл байдалд тохируулан арга замуудыг ухаалгаар хослуулан ашиглах шаардлагатай. Ирээдүйд шинэ үеийн ажилтнууд илүү хараат бус, “зайны” виртуал ажлын байранд ажиллах бөгөөд энэ нь нэмэлт сорилт, боломжуудыг бий болгоно.
8.Төрийн албаны XXI зууны менежер улиг болтол ярихаа больж төрийн албанд шинээр элсэж байгаа насны бүлгийнхний хэрэгцээ, ур чадвар, хөшүүргийг урьдчилан тооцоолох хэрэгтэй. Гэхдээ энэ тухай хэлэлцүүлэгт санаа зовсон байдал, асуудал, сорилтууд давамгайлдаг. Зарим шинжээчид төрийн албаны хойч үеийн менежерүүдийн дунд төрийн албаны ёс зүй доройтож тэд хүнд хөдөлмөрийн оронд амьдралын чанарыг илүүд тавих хандлага бий болсон гэж тэмдэглэжээ. Зарим нь дэлхий нийтээр “авьяасын төлөөх дайн” явагдаж байгаа нөхцөлд төрийн албанд ажиллах хүч түргэн хөгширч байгаагийн улмаас боловсон хүчний асуудал хурцаар тавигдахыг онцлон тэмдэглэжээ.
Y ба Z үеийнхэн бизнес сэтгэлгээтэй, эрч хүчтэй, албан ёсны эрх мэдлийн шатлалыг төдийлөн тоодоггүй, хялбархан сүлжээ бий болгодог, хийж байгаа бүх зүйлдээ технологийн үр дагаварыг тооцдог гэж үздэг. Хэрэв эдгээр онцлог шинж чанарыг боломж гэж харвал үнэт зүйлсийг бий болгох зорилгоор өөрийн чадавхийг дээд зэргээр ашиглахын тулд хойч үеийнхнийг хэрхэн ажилд авч, тогтвортой ажиллуулж, сэтгэлийг нь татаж, урамшуулан зоригжуулах вэ гэсэн асуултууд гарч ирэх болно.
9.VUCA орчинтой хэдийнэ нүүр тулаад буй XXI зууны төрийн албаны менежерүүдэд зайлшгүй байх 5 гол шинж чанар:
- Ухаалаг, онч мэргэн, овсгоотой
- Төрийн албаны ёс зүйг чанд сахихын сацуу бизнесийн овсгоотой байх
- Хамтарсан харилцаа холбоотой, агуулга, арга барилын хувьд эрх мэдэлтэй
- Одоо ирээдүйд юу болохыг урьдчилан тооцоологч
- Байнгын суралцагч, шилдэг мэргэжилтэн
10. Сургалт чухал гэвч туршлага бол “хаан”. Туршлагыг өргөжүүлэх 5 хүчин зүйлсийг тодорхойлсон Ван Варт ба бусад зохиолчдын бүтээлээс санаа аван, XXI зууны төрийн албаны менежер болохоор бэлтгэгдэж буй зохиогч би дараах зүйлсэд анхаарлаа хандуулахыг санал болгож байна.
- Аль нэг байгууллагад ажиллахад зарцуулсан хугацаа чухал. Гэвч ижил үйл ажиллагаатай байгууллагуудад нэг чиглэлээр тогтмол ажилласаар байвал таны зарцуулсан хугацаа буурсаар байх болно.
- Туршлага өөрөө сайн багш хэдий ч, ажиллагаагүй тогтолцоонд хүнйи нөөцийн ноцтой асуудлыг бий болгодог.
- Систем хэрхэн ажиллаж байгааг ойлгож, дутагдаж байгаа ур чадвар, хувь хүмүүс ба багуудын сургалт, хөгжлийн хэрэгцээг тодорхойлох
- Сэлгэн ажиллуулах туршлагаас суралцах, улс төрийн албан тушаал, хувийн салбар, ашгийн бус салбарт түр хугацаагаар томилон ажиллуулах, урт хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулах нь төрийн албаны менежерүүдийн үзэл бодлыг тэлж, одоогийн төсөөллүүдийг шүүмжтэйгээр авч үзэх, бусад салбаруудын хамтран ажиллагч, өрсөлдөгч, эсэргүүчигчидтэй танилцах боломж олгодог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ