"Шинэ жилийн баяр голомт тодорхойгүй халдвар үүсэх шалтгаан болсон"

Эрүүл мэндийн яам болон НЭМҮТ-өөс цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллийн эхэнд олон нийтийн дунд халдвартай иргэн явж байх маш өндөр эрсдэл үүсээд байгааг анхааруулав. Тэрбээр "Сүүлийн үед намайг үндэслэлгүйгээр халаа сэлгээ хийж өөрийн хамаарал бүхий этгээд, хамаатан саднаа ажилд авсан, албанд томилсон мэт мэдээлэл цацагдах болсон. Үүнд хариулт хэлэхэд би хүн халж, өөрийн хамаатан саднаа томилсон зүйл байхгүй. Харин Эрүүл мэндийн яаманд шинэ агентлаг бий болсонтой холбогдуулан бүтцийн өөрчлөлт хийсэн.
Мөн "Амар" зочид буудал "Энх саран" сувилал шиг халдварын голомт болсон эсэхэд эргэлзсэн асуултууд ирж байна. Франфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислгээр ирж тус зочид буудалд тусгаарлагдсан долоон иргэнээс 14 хоногийн хугацаанд халдвар илэрсэн. Тиймээс тус зочид буудалд халдвар, хамгааллын дэглэм алдагдаж, халдварын голомт болсон байж болзошгүй гэж үзэн нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж шалгалтыг эхлүүлээд байгаа" гэлээ.
НЭМҮТ-өөс "Улаанбаатар хотын хэмжээнд Баянзүрх дүүргийн эмнэлгээс бусад голомтод халдварыг хумиад байсан. Гэвч голомт тодорхойгүй дөрвөн тохиолдол илрээд байна. Сүүлийн өдрүүдэд голомт тодорхойгүй халдвар нэмэгдэх хандлагатай байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал шинэ жилийн баярын өдрөөр иргэд хөл хорионы дэглэмийг баримтлахгүй айлд зочлох зэрэг үйлдэл нэмэгдсэн. Мөн иргэдэд "Би коронавирус тусчих вий дээ" гэх болгоомжлол бага байна. Тиймээс иргэд, олон нийт бүх нийтийн бэлэн байдлын энэ үед хөл хорионы дэглэмийг сайтар сахих нь чухал байна" гэдгийг анхаарууллаа.
Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт гарсан коронавирусийн голомтод сүүлийн сар гаруйн хугацаанд нэмж халдвар бүртгэгдээгүй байгаа юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ