ЦУОШГ-ын мэдээ VS гар утасны "Weather"

img

 

Технологи хөгжихийн хэрээр иргэд, олон нийт гар утасны апплейкшнаас цаг агаарын мэдээлэл хүлээн авах дадал нэмэгдсэн. Харин Цаг, уур орчны шинжилгээний газраас гар утасны үндсэн аппликейшнд биш www.tsag-agaar.mn албан ёсны цахим хуудас болон тус байгууллагаас боловсруулсан "Цаг агаар" аппликейшнаас баталгаатай мэдээлэл авч байхыг зөвлөлөө. 

 

Учир нь гар утасны үндсэн аппликейшн цаг уурын температурыг төдийлөн зөв заадаггүй аж. Тиймээс өдөр бүр шинжлэх ухааны үндэслэлд тооцоолон гаргаж буй баталгаат эх сурвалжаас цаг уурын мэдээллийг хүлээн авч байхыг сануулав. 

 

Цаг, уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн "Сүүлийн үед сошиал хэрэглээний улмаас урьд өмнөх жилүүдэд болоод өнгөрсөн, тухайн жилд өгч байсан сэрэмжлүүлэг мэдээг дахин гаргаж түгээх, энэ жил болох гэж байгаа мэтээр бусдад илгээх тохиолдол нэлээд гарсан. Бид тухай бүр хуучирсан, буруу мэдээлэл болохыг мэдэгдэж залруулж байсан. Иргэд, олон нийт цаг агаарын мэдээг албан ёсны эх сурвалжаас авч, баталгаатай мэдээлэл хүлээн авах нь таны эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа байгаль, цаг агаарын болзошгүй эрсдлээс хамгаалахад чухал нөлөөтэй юм" гэж зөвлөлөө.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цаг, уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн 7 хоногт буюу хуучин оны сүүл,шинэ оны эхний өдрүүдэд энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд тохиожээ.

 

Тухайлбал, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-50 градус хүрсэн бол нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Яармаг-Сонгины орчмоор -40 градус хүрч хүйтэн хоносон байна.

 

Цаашид буюу энэ 7 хоногийн эхээр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 2021 оны 1 дүгээр сарын 5-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч улам чангарч, салхитай, жавартай хүйтэн байна гэж мэдээллээ. 

 

Б.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ