"Ш.Раднаасэд нарын хоёр хүн маш хүнд иргэний сахиураар яваад ирсэн"

"МИАТ" ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр /2021.01.06/ иргэдийг татан авсан талаар мэдээлэл цацагдсан. Үүнд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбар хийлээ.
Тэрбээр "МИАТ компанийн карго нислэг байгаагүй. Харин АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам томилолтын хугацаа дууссан дипломат ажилтнуудаа буцаах, тэдний оронд томилогдон шинээр ирэх ажилтнуудаа татан авах хүсэлтийг Гадаад харилцааны яаманд тавьж ирсэн. АНУ-ын Засгийн газар өөрийн дипломатуудаа таван авахдаа иргэдээ татан авч байгаа УОК-ын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаад иргэдийн тусгаарлах байрны асуудалд нөлөөлөхгүйгээр, Монгол иргэдийг авчрах онгоцонд суудал авалгүйгээр буюу манай Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн үйл ажиллагааг дэмжин хөлсөлсөн нислэг байсан гэдгийг олон нийтэд хэлэхийг хүсч байна.
Энэ нислэгээр АНУ-ын Элчин сайдын яамны 30, НҮБ-ын гурав, мөн Монгол Улсын таван иргэн ирсэн. Эдгээр иргэн нь:
1. Улаанбаатар хотоос Сөүл рүү арванхоёрдугаар сарын 25-ны өдөр ниссэн. Гэвч тодорхой зөрчлийн улмаас тухайн улс хилээрээ нэвтрүүлээгүй. Улмаар БНСУ-руу нэвтрэх эрхгүй, нутаг буцах боломжгүй онгоцны буудал дээр 10 гаруй хоног гацсан иргэн
2.БНСУ-аас АНУ-руу зорчихоор төлөвлөж байсан ч нэвтэрч чадалгүй Инчеон нисэх буудал дээр гацсан. Эдгээр хоёр иргэнийг Олон улсын иргэний агаарын тээврийн "тээвэрлэж ирсэн компаниар буцаах ёстой" гэдэг журмын дагуу АНУ-ын Элчин сайдын яаманд албан ёсоор хүсэлт тавиад татан авсан.
3. Ажлын зайлшгүй шаардлагаар хүнд өвчтэй хүнийг БНСУ-руу хүргэж өгөхөөр явсан эмч буцан ирсэн
4. Өөр хоёр хүний асуудал яригдаад байгаа. Үүнийг тодотгоод хэлэхэд ар гэр нь эрүүл мэндийн маш хүнд байдалтай байгаа хүний сахиураар явсан хүмүүс.
Тэгэхээр ачаа тээврийн онгоцоор биш АНУ-ын Элчин сайдын яамны захиалгат нислэгээр өөрийн Улсын таван хүнээ зөөвөрлөн авчирсан гэдгийг ойлгохыг хүсье" гэлээ.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн уг нислэгээр ирсэн Монгол Улсын таван иргэний хоёр нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон түүний гэргий гэдгийг өмнө нь мэдээлсэн. Иргэдийг "Кемпински" зочид буудалд тусгаарлажээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ