Д.Наранзул: Улаанбаатар хотын эхний гурван томоохон голомт бүрэн хяналтад орсон

ЭМЯ, УОК-ын Шуурхай штаб, ГХЯ, ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул:
-Сүүлийн хоногуудад Улаанбаатар хотод хоёр эрүүл мэндийн байгууллага, томоохон аж ахуй нэгж байгууллагатай холбоотой голомтууд үүссэн. Аливаа халдварт өвчний голомтыг хязгаарлах, таслан зогсоох чухал арга хэмжээ нь эрт илрүүлэх, тусгаарлах, ойрын хавьтлуудыг судлах тандах, хяналтад авах байдаг. ДЭМБ болон олон улсын зөвлөмжийн дагуу хавьтлуудыг тандан судалж хяналтад байлгаж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаал зааврын дагуу 14 хоногийн хугацаанд тусгаарлан эмнэлзүйн ажиглалт тандалт хийдэг. Үүнтэй холбоотой ойрын хавьтлуудыг 14 хоногийн хугацаанд гурван удаагийн лабораторийн шинжилгээтэй тандалт зохион байгуулдаг. Ойрын хавьтлуудаас хийгдэж байгаа шинжилгээний үр дүнгээс харахад эхний шинжилгээгээр 82 хувьд, хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр 14 хувьд, гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр 3 хувьд нь коронавирус батлагдаж байгаа.
Сүүлийн хоногуудад өвчтэй хүнийг илрүүлэх, голомтыг цомхтгох ойрын хавьтал болон хоёрдогч хавьтлуудыг хяналтад авсны дүнд аймаг, орон нутгийн голомтууд хяналтад орсон. Мөн Улаанбаатар хотын эхний гурван томоохон голомт бүрэн хяналтад орсон. Харин сүүлийн хоногуудад гараад байгаа хэд хэдэн голомттой холбоотой өвчлөл нэмэгдэж байгаа. Хавьтлуудаас өвчлөл их гарч байгаа нь харагдаж байна. Тиймээс иргэд та бүхэн хязгаарлалтын хөл хорионы дэглэмээ хатуу барих, олон нийтийн газраар явахгүй байх, найз нөхөд, албан газраараа уулзахгүй, хүмүүстэй хавьтал болохгүй байх нь гэр бүл болоод, өөрийгөө хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх болно.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ