"Эрсдэлтэй ч лангуугаа ажиллуулахгүй бол хоосон хононо"

img

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хязгаарлалт тогтоогоод байсан салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-наас бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хэвийн горимд шилжүүлсэн. Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу  халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, QR бүртгэл ашиглах шаардлагатай. Энэ журмыг хэрхэн мөрдөж буй болоод иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа эсэх талаар сурвалжиллаа.

 

Эхний очсон газар “Sunday plaza” худалдааны төв. Худалдааны төвийн  үүдэнд дараалал үүссэн байлаа. Гадаа хүйтэн байгаа ч хүмүүс хоёр хөлөө хооронд нь нэг хавсарчихаад л орох ээлжээ хүлээж зогсоно. Ээлжээ хүлээх зуур урд зогсох бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр, "Манайх энүүхэнд  байдаг юм. Эрсдэлтэй ч гэсэн ахуйн хэрэглээний бараа, бас ганц цамц авах санаатай явна. Удаан хугацаагаар ажиллаагүй удсан болохоор одоо ч үнэ нь нэмэгдсэн байх даа” гэлээ.

 

Дарааллын дагуу халуунаа хэмжүүлж, ариутгаж, QR кодоо уншуулж орлоо. Худалдаачид “Юу хайж байна. Юу авах уу, ороод үзээрэй” гэж угтаж асууна. Худалдаачид бүгд амны хаалт зүүсэн байв.

 

Цамцны лангуун дээр очиж худалдагчаас иргэдийн худалдан авах чадвар, болоод өдрийн орлогын талаар нь тодрууллаа. Тэрбээр, “Орлогогүй олон сар боллоо. Иргэдийн худалдан авах чадвар муудсан байна. Энэ хэвээрээ цааш үргэлжилбэл, эдийн засаг бүр л дордох байх. Эрсдэлтэй ч лангуугаа ажиллуулж хоолныхоо мөнгийг олохгүй бол хоосон хононо. Өдрийн орлого янз янз л байна.” гэлээ.

 

Бид цааш эргэж хэд хэдэн лангуун дээр очтол ижил хариулт өгч байлаа. Ингээд бид “Sunday plaza” худалдааны төвөөс гарч, "Бөмбөгөр" худалдааны төвийг зорьлоо. Зорьсон газраа ирэв. Мөн л ижил халуун хэмжиж, QR код уншуулж орууллаа.

 

Бөмбөгөр худалдааны төвийн худалдаачид цэнхэр халаад өмсөж, амны хаалт зүүж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байв. Иргэд нааш цааш холхино. Хүүхдийн хувцасны лангуугаар тойрч алхвал,

 

-Эгчээ олныг авч байгаа юм чинь хэдэн цаас буулгачихаач тэгэх үү, энэ цамцыг 18 мянгад авъя?

-Би буулгаж өгч байна шүү дээ. Олон сар ажиллаагүй болохоор орлогогүй хэцүү байна. Хамгийн хямдаараа л зарж байгаа шүү дээ. Илүү буулгаж чадахгүй.

-За тэгвэл авъя даа.  Карт унших уу гэх яриа өрнөнө.

 

Өмдний лангууны худалдагч:

 

-Халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж ажиллахыг хичээж байна. Эрүүл мэнд чухал шүү дээ. Иргэд ч бас амны хаалтаа сайн зүүж үйлчлүүлж байна. Гэхдээ л эрсдэл өндөр байна. Иргэдийн худалдан авах чадвар муудсан. Бид орлогогүй олон сар болсон болохоор хэцүү л байна.

 

Цаг орой болж иргэдийн хөл хөдөлгөөн татарч, худалдаачид лангуугаа хаахдаа бэлдлээ. Бид ч буцлаа. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж байсан ч хэнэггүй, хариуцлагагүй хүмүүс ч бас байлаа. Хэдийгээр коронавирус цар тахал дотоодод бүртгэгдэж эрсдэлтэй байгаа ч худалдаачид өдрийн хоолоо залгуулахын тулд ажиллахаас өөр аргагүй гэдгээ учирлаж байсан юм. Тиймээс хэн бүхэн өөрийн хариуцлагыг ухамсарлаж халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай гэдгийг энд дахин сануулъя. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

харамсалтай:
Засагт иргэддээ өгөх мөнгө байхгүй.
2021-02-01
Зочин:
хорио тогтоож болно,ганцхан санхүүг шийдээд өг эс бөгөөс тэмцэхээс өөр гарц алгаа
2021-02-01