"Дауны хам шинжийн тухай" эцэг эхийн гарын авлага хэвлэгдэн гарлаа

“Дауны хам шинжийн тухай” эцэг эхийн гарын авлага ном хэвлэгдэн гарлаа. Монголын Дауны холбооноос эрхлэн гаргасан уг номыг Японы Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/ хамтын ажиллагаа түншлэлийн хүрээнд санхүүжүүлжээ. “Дауны хам шинжийн тухай” эцэг эхийн гарын авлагыг 10 мянган хувь хэвлүүлсэн байна. Уг төслийн хаалтын ажиллагаа Монголын Дауны холбооны байранд боллоо.
Тамүри Эрико: Монголд дөрвөн сургууль байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллалаа
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүри Эрико:
-Жайка Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Японы Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд дэлхийн 100 орчим оронд оффистой, үйл ажиллагаагаа явуулдаг. Монголд 1997 онд байгуулагдсан.
Одоогийн байдлаар Монголд дэд бүтэц засаглалын тогтолцоог бэхжүүлэх, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зэрэг чиглэлээр олон салбарт 60 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр Монголд дөрвөн сургууль байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллалаа. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоог идэвхжүүлэх, нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд багшлах багш нарыг илүү чадавхжуулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд явж байна.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу Жайка нь жилд дунджаар 300 орчим хүнийг Японд сэдэвчилсэн сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлдэг. Энэ удаа Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг хамрагдсан. Жайкагоос олж авсан туршлага мэдлэгээ хуваалцах зорилгоор энэхүү гарын авлагыг боловсруулж нийтэд түгээх санал тавьсан учраас дэмжиж ажиллалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах чиглэлээр Засгийн газар бус Дауны холбоо шиг ТББ-ууд идэвхтэй ажиллаж, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлголтыг түгээж дэлгэрүүлэх нь илүү уялдаатай үр дүнтэй арга юм болов уу гэж боддог.
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд онцгой анхаарч байна. Мөн боловсрол шинжлэх ухааны яам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хэлтэс нээж бүтцийн өөрчлөлт хийсэн. Засгийн газраас тодорхой чиглэлийн үйл ажиллагаануудыг идэвхтэй хийж хэрэгжүүлж байна. Мөн ТББ-ууд идэвхтэй ажиллаж байна. Тиймээс Засгийн газар болон Төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж хамтарч ажиллаж нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрахад хялбар нийгмийг бүтээхэд хамтарч ажиллах нь чухал гэж бодож байна.
Монголын барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжгүй. Жишээлбэл, тэргэнцэртэй иргэдэд зориулж налуу зам хийдэг ч гэсэн тохиромжтой, аюулгүй байдаггүй. Тиймээс цаашид барих шинэ барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд хялбар, ашиглах боломжтой шийдэл хийхэд анхаараасай гэж хүсэж байна.
В.Ганзориг: Дауны хам шинжийн тухай онлайн хичээл бэлтгэн хүргэх хоёр дахь төслөө ярьж байгаа
Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг:
-Японы Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага / Жайка/ “Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийг хэрхэн нийгэмшүүлэх, ТББ-ыг хэрхэн үр бүтээмжтэй ажиллуулах” сэдэвтэй сургалтад 2020 онд хамрагдсан. Үүгээр ч зогсохгүй олон төрлийн сургалт зохион байгуулдаг юм билээ. Өндөр хөгжилтэй улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдээ хэрхэн анхаардаг, хүмүүсийн хандлагыг хэрхэн өөрчилдөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх соёл тогтсон байдгийг харж ирсэн. Эх орондоо ирээд Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар тайлагнаж холбоотой ажилласан. Ингээд “Дауны хам шинжийн тухай” эцэг эхийн гарын авлага ном хэвлэх төсөл маань дэмжигдэж өнөөдөр 10 мянган номоо хүлээлцэж байна. Мөн коронавирус цар тахлын энэ үед Дауны хам шинжийн тухай онлайн хичээл бэлтгэн хүргэх хоёр дахь төслөө ярьж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ