Австрийн хамгийн залуу канцлер авлигад сэжиглэгдэн суудлаасаа огцров

Австрийн канцлер Себастьян Курц албан тушаалаасаа огцорч байгаагаа 10 дугаар сарын есний өдөр мэдэгдлээ. Вена хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр "суудлаа чөлөөлөх" хүсэлтээ илэрхийлж, өөрийнх нь оронд Гадаад хэргийн сайд Александр Шалленбергийг томилохыг Холбооны Ерөнхийлөгч Александр фон дер Белленд санал болгосон байна. Ингэснээр Гадаад хэргийн сайд түр хугацаанд холбооны канцлерын үүрэг гүйцэтгэх аж.
"Миний улс орон миний хувь хүнээс илүү надад чухал" хэмээн Курц хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр Австрийн ардын намын парламентын бүлгийн даргаар парламентад эргэн орж, намын дарга хэвээр үлдэх хүсэлтэй байгаа гэнэ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Огцрох шалтгаан нь авлига
Курцийг итгэл эвдсэн, авлига, хээл хахууль авсан хэргээр шалгаж байгаа бөгөөд ийм үед Себастьян Курц албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн байна. Түүнийг ийм мэдэгдэл хийхээс хэд хоногийн өмнө Австрийн Авлигын эсрэг хэргийг хариуцдаг прокурорын газар Курцийн эсрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Австрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Курцийн ажлын байр болон хэвлэл мэдээлэлтэй харилцах газар зэрэг бусад холбогдох албан тушаалтнуудын албан тасалгаанд нэгжлэг хийсэн байна.
Хууль сахиулагчдын үзэж байгаагаар 2016-2018 онуудад Австрийн Сангийн яам Австрийн ардын намд ашигтай байдлаар олон нимйтийн санал асуулгын дүнг орон нутгийн нэгэн сонинд нийтлүүлэх зардлыг төлөхдөө төсвийн хөрөнгийг ашигласан гэнэ. Энэ нь Курцийг дахин намын эрх барих албан тушаалд очих, цаашлаад холбооны канцлерын албан тушаалд хүрэх төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэж прокурорын газар үзэж байгаа юм байна.
Ийнхүү авлигад буруутган шалгах болсон нь Австрийн ардын нам болон "Ногоонтнууд" намаас бүрдэх эрх баригч эвслийн дунд ихээхэн зөрчилдөөн үүсгэжээ. Ингээд ногоонтнууд Курцийг огцрох, "нэр хүнд нь өө сэвгүй" хүнийг канцлераар томилохыг шаардсан байна. Курц өөрийг нь буруутгаж байгааг няцааж, сэжиг таамаглал батлагдахгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Хоёр жилийн өмнө Курц мөн л огцорч байв
2019 оны тавдугаар сард Австрид улс төрийн дуулиан дэгдсэн юм. Германы хэвлэлүүдээр дэд канцлер асан, Эрх чөлөө намын дарга Хайнц-Кристиан Штрахе болон түүний туслах Йоханн Гуденус нар Ибица арал дээр Оросын нэгэн олигархийн хамаатан гэгдэх эмэгтэйтэй уулзаж байгаа бичлэг цацагдсан байна. Энэ бичлэг дээр эмэгтэй улс төрийн намын талаарх эерэг мэдээлэл түгээж, дэд канцлерыг ялалт байгуулахад нь туслах бөгөөд хариуд нь барилгын салбар дахь төрийн захиалгуудыг эмэгтэйд өгөхийг амлаж байх аж. Бичлэг цацагдсаны дараа эрх баригч эвсэл задарч, улмаар дэд канцлер огцорч, 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр Австрийн парламент энэ шуугиантай холбоотойгоор Себастьян Курцэд итгэл үзүүлэхгүй байх шийдвэр гаргаж байв. Энэ нь тус улсын парламент 1945 оноос хойш канцлераа сольсон анхны тохиолдол байлаа. Шийдвэрийн маргааш өдөр нь Курц огцрохоор болсноо зарласан юм.
Харин 2019 оны есдүгээр сарын 29-ний өдөр болсон парламентын ээлжит бус сонгуулийн дүнгээр Курцийн тэргүүлдэг Австрийн ардын нам дахин ялалт байгуулж, 2020 оны нэгдүгээр сарын долооны өдөр Курц хоёр дахь удаагаа Австрийн канцлерын албан тушаалд очив.
Австрийн түүхэн дэх хамгийн залуу канцлер
Курц 2017 онд 31 настайдаа анх Засгийн газрын тэргүүний хувиар тангараг өргөж байлаа. Үүнээс өмнө тэрбээр Австрийн Гадаад хэргийн яамыг удирдсан хамгийн залуу улс төрч болж байсан юм. Курц ердөө 27 насандаа Гадаад хэргийн сайд болж байв.
Курц 16 настайдаа намд элсэн, гурван жилийн дараа улс төрд эргэлт буцалтгүй орон, намын төлөө их сургуулиа орхиж байжээ. 2015-2016 оны цагаачлалын хямралын ид үед түүний нэр хүнд эрс өссөн байна. Курц хөрш Германы явуулж буй "зочломтгой" бодлогыг эрс шүүмжлэн, Европын холбоог чиглэсэн хууль бус цагаачлалын урсгалыг хааж, Австрийн хилийг хаахыг уриалж байлаа.
Түүнчлэн тэрбээр Австрийн олон нийтийн газарт ислам үндэсний хувцас болох паранжаг өмсөхийг хориглохын төлөө зогсож, герман хэл зайлшгүй сурах, Австрийн соёлд суралцах шаардлага бүхий цагаачдад зориулсан хөтөлбөрийг дэмжиж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ