Итали, Франц, Швейцарт вакцины гэрчилгээг эсэргүүцэн жагсав

img

Аравдугаар сарын есний бямба гарагт Италид коронавирусийн тархалттай тэмцэх төрийн арга хэмжээг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болжээ. DW агентлагийн мэдээлснээр, энэ өдөр 10 000 орчим хүн цуглан, 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бүхий л ажлын байран дээр "эрүүл ахуйн үнэмлэх", "ногоон паспорт" зайлшгүй үзүүлэх журмыг эсэргүүцсэн байна. 

 

Энэхүү баримт бичиг нь тухайн хүн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсан, COVID-19 тусаад эдгэрсэн эсвэл коронавирусийн халдварын шинжилгээ нь сөрөг гарсан гэдгийг батлах юм. Ийм баримт бичиг аваагүй, хүсэхгүй байгаа хүмүүсийг Италид ажилд нь явуулахгүй, цалингүй чөлөө өгөхөөр болж байгаа аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хамгийн том жагсаалууд Ром, Милан хотноо болсон байна. Ром хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, улмаар цагдаа нар тэдний эсрэг усан буу, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Эмх замбараагүй байдлын үеэр дөрвөн хүн баривчлагдсан байна.

 

Мөн энэ өдөр Франц улсад цар тахалтай тэмцэх засгийн газрын арга хэмжээ, "эрүүл ахуйн үнэмлэх"-ийн үйлчлэх хүрээг өргөжүүлэхийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болжээ. Францчууд энэ төрлийн жагсаалыг 13 дахь бямба гарагтаа зохион байгуулж байгаа ч энэ арга хэмжээнд оролцогчид улам бүр багассаар байгаа гэнэ. Энэ удаад орон даяар эсэргүүцлийн арга хэмжээнд 45 000 орчим хүн оролцсон байна.

 

Франц, Италиас гадна Швейцарт ч мөн бямба гарагт эсэргүүцлийн ажиллагаа болжээ. Женев хотноо цугласан олон "ковидын эсрэг арга хэмжээний дарангуйлал" тэр дундаа "эрүүл мэндийн паспорт"-ыг эсэргүүцсэн гэж  AFP агентлаг дамжуулсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ