НҮБ: Цар тахал 100 сая гаруй хүнийг ядууралд хөтөллөө

img

Коронавирусийн цар тахал дэлхий даяар 100 сая гаруй хүнийг ядууралд хөтөлсөн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа.

 

"Дэлхий даяар дөрвөн тэрбум гаруй хүн бараг л нийгмийн дэмжлэггүй амьдарч байна. Эрүүл мэндийг нь хамгаалахгүй, орлогыг нь ч хамгаалахгүй байна. Гэтэл тэдэнд одоо л ийм арга хэмжээ нэн шаардлагатай" хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ. 

 

Түүнчлэн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин хуваарилах асуудалд эрх тэгш байдал алдагдаж байгааг онцлоод, дэлхий даяар энэ асуудлын улмаас олон сая хүн амиа алдаж, олон их наяд доллараар хэмжигдэж, ядуу буурай орнуудад илүү хүнд цохилт өгөх эдийн засгийн уналтыг удаашруулж байгааг цохон тэмдэглэсэн байна.

 

Судалгааны байгууллагуудын таамаглалаар, дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаа ч хөгжиж буй орнууд, бүс нутгууд хөгжлөөс ихээхэн хоцорч байгаа гэнэ. Тиймээс хөгжиж буй орнууд руу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлж, хямралыг даван туулах богино хугацааны болон урт хугацааны нөхөн сэргээх явцад дэмжлэг үзүүлэхийг Антониу Гутерреш уриалжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ