Путин Японы шинэ Ерөнхий сайдтай энхийн гэрээний талаар хэлэлцжээ
2021-10-15

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Японы шинэ Ерөнхий сайд Фумио Кисидатай энхий гэрээ байгуулах талаар хэлэлцжээ. Энэ талаар Японы Гадаад хэргийн сайдаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, утсаар ярилцах үеэрээ талууд энхийн гэрээний асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгээ нотолжээ.

 

Энд дуулгахад, баасан гарагт Япон улс Оросын дэд сайд нар хоёр орны хооронд маргаантай байдаг Итуруп аралд айлчилсантай холбоотойгоор ОХУ-д эсэргүүцэл илэрхийлсэн юм. "Энэ нь хойд нутаг дэвсгэртэй холбоотой Японы үл өөрчлөгдөх байр сууринд харшилж байна. Тиймээс эсэргүүцэл илэрхийлсэн" хэмээн Японы Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

 

Курилийн арлуудын өмнөд хэсгийн харьяаллын маргаанаас болж ОХУ, Япон улс Хоёрдугаар дайны дүнгээрх энхийн гэрээнд өнөө хүртэл гарын үсэг зурж чадахгүй байгаа юм. Япон улс Итуруп, Кунашир, Шикотан арлууд болон Хабомаи бүлэг арлуудыг өөрийн орны "хойд нутаг дэвсгэр" хэмээн үздэг. Харин Орос улс нутаг дэвсгэрийн маргааныг хүлээн зөвшөөрдөггүй юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин