Вакцин тариулахаас татгалзсан цэргийн алба хаагчдыг хална

Америкийн Тэнгисийн цэргийн хүчний алба хаагчид 11 дүгээр сарын 28-ны дотор коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдахгүй бол албанаасаа халагдах гэнэ. Энэ талаар АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний мэдэгдэлд өгүүлснийг Фокс Ньюс агентлаг дамжуулжээ.
Мэдэгдэлд өгүүлснээр, вакцин тариулах эцсийн хугацаа нь 11 дүгээр сарын 28 бөгөөд цэргийн жинхэнэ албанд алба хааж буй хүмүүс 11 дүгээр сарын 14-ний дотор, харин бэлтгэл алба хаагчид 12 дугаар сарын 14-ний дотор вакцины хоёр дахь тунг тариулах шаардлагатай аж.
"Вакцин тариулахаас чөлөөлөгдөх хүсэлтэй тэнгисийн цэргийн алба хаагчид эмнэлгийн заалтаар эсвэл шашны үүднээс вакцин тариулах боломжгүй гэсэн өргөдлөө өгөх ёстой" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Ийм үндэслэлгүйгээр вакцин тариулахаас татгалзвал албанаас нь хална гэж анхааруулсан байна. Мөн вакцин тариулахаас татгалзсаныхаа төлөө албанаас халагдсан бол ахмад дайчдад олгодог зарим төрлийн тэтгэмжийг ч авах боломжгүй болно хэмээн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгджээ.
Эргэн сануулахад, холбооны ажилтнуудыг албан журмаар вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа талаараа АНУ-ын Засгийн газар долдугаар сарын 29-ний өдөр мэдэгдэж байлаа. Улмаар тус улсын Ерөнхийлөгч Жо Байден бүхий л төрийн албан хаагч болон цэргийн алба хаагчид вакцины бүрэн тунд хамрагдах шаардлагыг тусгасан тушаалд есдүгээр сарын есний өдөр гарын үсэг зурсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ