АН-ын хагарал бүлгээ тараах нь

Хагарч бутраад удаан хугацааг өнгөрөөж буй Ардчилсан нам нөхөн сонгуулийн эвлэрч, нэгдсэн дүр эсгэв. Гэвч дүр эсгэсэн нэгдэл удаан үргэлжилсэнгүй, одоо бүлэг нь тарахдаа тулаад байна.
Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ц.Тувааныг хөөснөө мэдэгдсэн. Түүнийг намын дүрмийг зөрчсөн, намын эсрэг ажилласан гэсэн шалтгаанаар хөөж байгаагаа АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдэж байв. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хөөснөө мэдэгдлээ. Тэднийг мөн л намын дүрэм зөрчсөн хэмээн дөрвөн жилийн хугацаатай хасаж байгаа гэнэ. Ингэж гурван гишүүнээ хөөснөөр АН-ын бүлэг наймуулаа үлдлээ. Дараагийн долоо хоногт бас нэгийг эсвэл хоёрыг ч хөөж магадгүй. Эцэст нь бүлгийн дарга Д.Ганбат ганцаараа үлдэж, энэ бүлэг өнгөрсөн түүхээ дахин давтаж тарах нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэх аргагүй боллоо.
АН-ын бүлгийнхэн парламентын гадна байгаа С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүний гар хөл, тэдний дохио зангаагаар хөдөлдөг хүүхэлдэйнүүд болохоо дахин дахин харуулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт С.Эрдэнэ мэдээлэл хийж, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг намаас хөөнө хэмээн мэдэгдэж байв. Харин өнөөдөр Д.Ганбат түүний үгийг Төрийн ордноос албан ёсоор дамжууллаа. АН-ын бүлгийн дарга Д.Ганбатад бүлгийн гишүүдээ хамгаалах чадвар ч алга. Тэр С.Эрдэнийн тушаал шийдвэрийг дамжуулдаг гар хөл, дуу хоолойноос нь өөрцгүй нэгэн гэдэг нь тодорхой болов.
АН-ын бүлгийнхэн Засгийн газарт хариуцлага тооцох тухай ярьж, бүлгийн гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Гэвч тэд энэ асуудалд санал нэгдээгүй бөгөөд гарын үсгээсээ буцсан, гарын үсэг зурахаас татгалзсан гишүүдээ намаасаа, бүлгээсээ хөөж эхэлсэн нь энэ аж. Товчхондоо бол Х.Баттулгын талынхныг зайлуулж буй хэрэг бололтой. Мэдээж хөөгдсөн гишүүд Ц.Тувааны адил “Би С.Эрдэнийн талынх биш, намдаа байгаа” хэмээн мэдэгдэх биз.
Уг нь Ардчилсан нам сөрөг хүчин гэсэн сэтэртэй. Эрх баригчдад хяналт тавих эрх, үүрэгтэй. Харин одоо энэ сэтрээсээ сайн дураараа татгалзсан нь дээр боллоо. Намын дотоод асуудлаа зохицуулж чадаагүй нам эрх баригчдад хяналт тавьж чадахгүй нь тод тодорхой. Эрх мэдлээ хэтрүүлэн төрийн тусгай хамгаалалттай газар руу дайрч орохоос өөрийг хийж чадахгүйгээ бүлгийн дарга Д.Ганбат ч хангалттай харууллаа.
Эв нэгдэлгүй, чадамжгүй нам хамраараа газар хатгасаар байхыг саяын нөхөн сонгууль ч харууллаа. Ардчиллын алтан хараацай, хамгийн сайн хотын дарга гэсэн сэтэртэй Э.Бат-Үүлийг сойгоод ч тусыг олсонгүй, хаа хол хаягдлаа. Эцэст нь сонгуулийн ирц хүрсэнгүй, эрх баригчдад дүн тавилаа гэсэн утгагүй тайлбартай зогсч байна.
Ардчилсан нам гудамжны улс төрөө даахгүй бутарч дууссан, одоо бүлгээ тараах нь цаг хугацааны л асуудал боллоо.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ