Н.Тавинбэх: Эрчим хүчний салбар 92 тэрбумын алдагдалтай байгаа нь ганцхан шалтгаантай

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Энэ жил тог цахилгааны хязгаарлалт хийх, хотод дулааны доголдол үүсэх юм биш үү. Эрчим хүчний салбар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Үүнийг төсөвт тооцсон уу? Шатахуун тасалдахгүй, үнэ нь өсөхгүй гэсэн баталгаа байна уу?
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Эрчим хүчний салбарын хэрэглээ үйлдвэрлэлээсээ давж, ямар ч нөөц тоноглолгүйгээр ажиллаж байна. Өвлийн оргил ачааллын үед хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарна. Ямар нэг гэмтэл гарвал эрчим хүчний системд нөлөөлөх хэмжээний саатал гарахыг үгүйсгэхгүй. Олон улсын стандартаар бол багадаа 20 хувийн нөөц эх үүсвэртэй байх ёстой. Эрчим хүчний салбарт төлөвлөсөн ажлаа хийгээгүйн хор уршиг энэ цаг үед тод илэрч байна.
Үүнийг шийдэх цорын ганц арга нь шинэ эх үүсвэр ашиглалтад оруулах ёстой. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг шалгаруулсан, Тавантолгойд тендер зарлачихлаа. Одоо байгаа эх үүсвэрийг өргөтгөх дөрвөн ажлын гурвыг хийсэн. Шинэ эх үүсвэрүүдийг барьж, ашиглалтад оруулах ажил дор хаяж 2-6 жил шаардагдана. Тиймээс одоогийн үүссэн нөхцөл байдлыг зохицуулж, хэрэгцээгээ хэрхэн хангахад анхаарч ажиллаж байна.
Харин алдагдалд үнийг удаан хугацаагаар төрөөс хатуу барьсан ганцхан шалтгаантай. Үнийг үе шаттайгаар чөлөөлөх асуудлыг шийдчихвэл эрчим хүчний салбар биеэ дааж, технологийн үйл ажиллагаа хэвийн явуулах санхүүгийн боломжтой болно. Үнийг чөлөөлбөл гадна, дотны хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орох боломж бүрдэнэ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Өчигдөр орой 22 цагт Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, бид нар ОХУ-ын холбогдох албаны хүмүүстээ утсаар холбогдсон. ОХУ-ын Ангарскийн нефть химийн үйлдвэр хэвийн горимоор ажиллаж эхэлсэн учраас өдөрт 38 вагон шатахууныг нийлүүлж эхэлнэ гэдгээ хэлсэн. Урд болон хойд хилээр шатахуун орж ирнэ.
Бид шатахууны үнийг үе шаттай, иргэдэд гэнэтийн үнийн шок өгөхгүйгээр чөлөөлнө. Дэлхийн томоохон 15 банкны гаргасан судалгаагаар 2022 оны нэг, хоёрдугаар сараас газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурах төлөвтэй байгаа. бид үүнтэй уялдуулан тооцоо судалгаа хийж байгаа.
Б.Жавхлан: Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл 2022 онд үргэлжилнэ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ буурахааргүй байна. Дээр нь тээврийн зардал 2-3 дахин өссөн. Үүнийг дагаад иргэдэд ирэх ачаалал дарамт асар их нэмэгдэхээр байна. Үүнийг яаж тооцож байгаа вэ?
Сангийн сайд Б.Жавхлан: Бид 2020, 2021 онд коронавирусийн хүнд үед өрхийн орлогыг хамгаалах, ААН-үүдээ дэмжих төсвийн олон арга хэмжээнүүдийг авлаа. Өнгөрсөн жил 2.6 их наяд төгрөгийн төсвийн багц арга хэмжээ авсан. Энэ жил 4.3 их наяд төгрөгийн багц арга хэмжээ хэрэгжүүлж байна. Үүнээс 2022 онд өрхийн орлогод томоохон дэмжлэг болж, Хүүхдийн мөнгө үргэлжилнэ.
Мөн эдийн засгаа сэргээх, хувийн хэвшил, ЖДҮ-ийг дэмжих зорилготой 10 их наядын хөтөлбөр үргэлжилнэ. Энэ жил эхлүүлсэн эдийн засгийн энэ арга хэмжээ цаг үеэ олсон, түүхэн үүргээ гүйцэтгэж байгаа. Тиймээс хамрах хүрээг нь тэлж, ирэх жил үргэлжлүүлнэ. Ялангуяа ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, ипотек, төв банкны репо санхүүжилтүүдийг ирэх жил үргэлжилнэ.
Гурван хувийн хүүтэй зээлийг энэ жил зөвхөн ажлын байрыг хамгаалах зорилгоор олгосон бол ирэх жил эргэлтийн хөрөнгө+хөрөнгө оруулалтын зориулалтаар олгоно. Мөн ХАА, газар тариалан эрхэлдэг иргэддээ зориулсан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд ирэх жил үргэлжилнэ.
Б.Баттөмөр: Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, сайд нараас хариултаа авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг хэрхэн бууруулах талаар тодруулахдаа буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох хэрэгтэй гэсэн саналыг хэллээ.
Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, автозамын сүлжээг сайжруулах, шинэ төрлийн нийтийн тээврийг ашиглах зэргээр асуудлыг цогцоор нь шийдэхээр 420 орчим тэрбум төгрөгийн төсөв хуваарилагдаж байгаа.
ЗТХЯ-наас 2019 онд Авто тээврийн тухай хуулийн төсөлд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг тодорхой хугацааны дараа хориглох заалт оруулсан. Үүнийг иргэд нэлээн шүүмжилсэн учраас бид түр хойшлуулсан.
Орон нутгийн замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ осолдож байгаа машины 80 орчим хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байдаг. Гэтэл энэ төрлийн машин иргэдийн гол хэрэглээ. Тиймээс бид НИТХ, удирдлагуудтай санал солилцоод, энэ оны сүүлээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийслэлийн иргэдээс санал авахаар ярилцсан” гэсэн тайлбарыг өглөө.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ