С.Жавхлан цагдаагийн дуудах хуудсыг гурван удаа үл тоожээ

ЦЕГ-аас УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдүүлэг өгсөн эсэх асуудлаар мэдээлэл өгч байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Энэ оны аравдугаар сарын 19-ний өдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийн бага хурал хийж, МУГЖ С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлнэ гэж Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг шантаажилсан гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл олон нийтэд мэдээлсэн. Улмаар аравдугаар сарын 20-ны өдөр иргэн О.Отгонтөгс цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас гомдлыг хуулийн дагуу хүлээн авч прокуророор харьяалал тогтоолгосон. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн алба хянан шалгах харьяалал тогтоосон.
Эрүүгийн цагдаагийн албанаас уг гомдол мэдээллийн дагуу Сангийн сайд Б.Жавхлан болон яаманд ажилладаг гурван гэрчээс мэдүүлэг авсан. Хуулийн дагуу албаны утсаар МУГЖ С.Жавхлан руу 11 удаа залгасан. Утсаа аваагүй. Аравдугаар сарын 20-нд мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн. Ирээгүй. Мөн аравдугаар сарын 21-ний өдөр дуудах хуудсыг хүлээж аваагүй. Өнөөдөр прокурорын дуудах хуудсыг хүргүүллээ. Хүлээж авсангүй. Хуулийн дагуу дараагийн арга хэмжээ нь шүүхийн захирамжаар албадан ирүүлэх юм. МУГЖ С.Жавхлан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тайлбар өгөх байх гэж бодож байна.
Мөн сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явж байхдаа халдлагад өртсөн гэсэн асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдлыг хүлээн авч зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажил явуулж байгаа" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ