ОХУ-д улс төрийн хоригдлын тоо сүүлийн жилүүдэд хэд дахин өсөж байна

Орост 420 гаруй хүн улс төрийн хэргээр хоригдож байгаа гэж "Мемориал" байгууллагын хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ. Тэдний өгүүлснээр, сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт байнга нэмэгдэж, ЗХУ-ын сүүл үеийнх шиг төвшинд хүрсэн гэнэ.
Хүний эрхийг хамгаалагчдын өгүүлснээр, 420 гаруй хүний 340 нь шашны сэдлээр, харин 80 нь бусад улс төрийн шалтгаанаар эрх чөлөөгөө хасуулсан гэнэ. Бодит байдал дээр энэ тоо хавьгүй өндөр байгаа гэж "Мемориал"-ын төлөөлөгч Сергей Давидис мэдэгдсэн байна.
"Энэ бол барагцаалсан тоо, хэн нэгэн нь нэмэгдэж байхад өөр нэг нь хорихоос суллагдаж байгаа. Тухайн хүнийг ямар үндэслэлээр шийтгэгдсэн, шүүх дээр энэ үндэслэлийг баримттайгаар няцаах боломжтой тохиолдолд л бид тэр хүнийг улс төрийн хоригдол гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээр бид хэргийн талаар мэдсэн байх ёстой гэсэн үг. Гэтэл үнэн хэрэгтээ олон хэргийг бид огт мэдэхгүй эсвэл оройтож мэдэж байгаа. Түүнчлэн бид мэдэж байгаа ч хэргийн материалыг авч чадахгүй байгаа хэргүүд ч бий" хэмээн Давидис өгүүлжээ.
"Мемориал"-ын мэдэгдсэнээр, сүүлийн жилүүдэд ОХУ-д улс төрийн хориглуудын тоо байнга өсөж байгаа гэнэ. Өнгөрсөн онд энэ жагсаалтад 362 хүн багтаж байсан бол таван жилийн өмнө, 2016 онд 100 орчим хүнийг энэ байгууллага улс төрийн хоригдол хэмээн нэрлэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ