"Амьдралын бэрхшээл" гэрэл зураг олон улсын шагнал хүртжээ

img

Siena International Photo Awards олон улсын гэрэл зургийн уралдааныг "Амьдралын бэрхшээл" нэртэй гэрэл зураг тэргүүлсэн талаар Жэнминь жибао мэдээлжээ. 

 

Энэ гэрэл зураг дээр хөлөө тайруулсан эр төрөлхийн үе мөчгүй хүүгээ өргөж байгаа нь дүрслэгджээ. Зураг дээрх эрийг Мунзир, хүүг нь Мустафа гэх бөгөөд тэд Сиритай хиллэдэг Туркийн Хатай мужид гэрийнхээ гадаа тоглож байгаа энэ сэтгэл хөдөлгөсөн мөчийг Туркийн гэрэл зурагчин Мехмет Аслан хальснаа буулгасан байна. 

 

Одоо таван настай Мустафа хүүг ээж нь тээж байхдаа Сирийн дайны үед мэдрэл саармагжуулах хийнд хордсоны улмаас хүү төрөлхийн үе мөчгүй төрсөн байна. Харин аав нь Сирийг бөмбөгдөх үед Идлибийн зах дээр явж таарсан бөгөөд энэ бөмбөгдөлтийн улмаас Мунзир хүнд шархдан, хөлөө тайруулжээ.

 

Энд дуулгахад, Сирийн хямрал 2011 онд эхэлж, хэдийнэ 10 дахь жилтэйгээ золгоод байгаа ч зэвсэгт сөргөлдөөн өнөө хэр үргэлжилж, олон хүн орон гэрээ орхин, дүрвэхээс аргагүй болж байгаа юм. НҮБ-ын 2020 онд хийсэн судалгаагаар 12-оос дээш насны 3,7 сая хүн буюу Сирийн хүн амын 27 хувь нь дайны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ