Британид электрон тамхийг эмчийн жороор олгох журам гарч магадгүй

Британи улс тамхиа хаях хүсэлтэй хүмүүст электрон тамхийг жороор олгодог дэлхийн анхны улс болж магадгүй талаар Guardian мэдээлжээ. Энэ нь тамхины хэрэглээг бууруулах засгийн газрын төлөвлөгөөний нэг хэсэг аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Британийн Эм бэлдмэл, эмнэлгийн зориулалттай бараа бүтээгдэхүүний зохицуулалтын агентлаг шинэчилсэн удирдамжаа нийтэлсэн бөгөөд ингэснээр Үндэсний эрүүл мэндийн албаны системийн хүрээнд тамхи татдаг хүмүүст тусгай зөвшөөрөлтэй электрон тамхи бичиж өгөх боломж нээгдэх юм байна.
Британид жил бүр тамхинаас шалтгаалсан өвчний улмаас 64 мянган хүн нас бардаг гэнэ. Эрх баригчдын мэдээлснээр, насанд хүрсэн хүн амын долоон хувь буюу 3,6 сая нь электрон тамхи хэрэглэдэг юм байна. Тиймээс тамхиа хаяхаар шийдсэн хүмүүст эмчийн жороор электрон тамхи олгодог болох энэ төлөвлөгөөг эмч нар ихээхэн дэмжиж байгаа гэнэ.
Гэхдээ электрон тамхи энгийн тамхинаас дутахааргүй аюултай гэж шинжээчид анхааруулж байгаа юм. Электрон тамхи нь никотин агуулдаг бөгөөд эрүүл мэндэд аюултай байдаг. Мөн л тамхины утаанд агуулагддагтай ижил хортой химийн нэгдлүүдийг электрон тамхи агуулдаг аж. Тиймээс эмнэлгийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн электрон тамхийг аюулгүй байдал талаас нь илүү хатуу хяналт тавьж шалгах ёстой гэж Британийн Эрүүл мэндийн яам онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ