Хятадад халдвар нэмэгдэж байгаа ч сарын дотор тогтоон барина гэв

Хятадын хойд нутгуудаар коронавирусийн халдварын тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хар мөрөн мужид халдвар бүртгэгдсэний улмаас бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн талаар Глобал Таймс сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 30-ны өдөр Харбинд коронавирусийн халдварын батлагдсан нэг тохиолдол, сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэний дараа 6,3 сая хүн амтай энэ хотын бүх оршин суугчийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Хятадын баруун хойд нутгуудтай холбоотой халдварын тархалтыг хараахан хумиж чадаагүй байх зуур Жянши, Хар мөрөн мужуудад халдвар нэмэгдэж байгаа нь эрх баригчдын санааг зовоож байгаа аж.
Гэхдээ сүүлд дэгдсэн халдварыг өмнө нь үр дүнтэй нь батлагдсан бодлогын хүрээнд нэг сарын дотор хяналтдаа оруулна гэж Хятадын шинжээчид мэдэгджээ.
Хятадад бямба гарагт дотоодын халдвар 48 илэрснээс 19 нь Хар мөрөн муж, 10 нь Өвөр Монгол, ес нь Ганьшу мужид болон Шаньдун, Ниншя мужуудад тус бүр гурван тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн Юньнаньд хоёр, Бээжинд нэг, Жяншид нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Хятадын Эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгч Ми Фэний мэдэгдсэнээр сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Хятадын 14 бүс нутагт халдвар дэгджээ. Өнөөгийн дэгдэлт нь маш хурдтай тархаж, нэн хүнд нөхцлийг үүсгэж байна гэж Эрүүл мэндийн улсын хороо онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ