Хуримын үеэр хөгжим тоглуулсан гэх шалтгаанаар талибууд гал нээж, хүний аминд хүрчээ

img

Өөрсдийгөө талибууд гэж нэрлэсэн зэвсэгт этгээдүүд Афганистаны дорнод хэсэгт болж байсан хуримын зочид руу буудаж, хоёр хүнийг хөнөөн, олон хүнийг шархдуулжээ. Тэдний хооронд сөргөлдөөн гарсан шалтгаан нь хуримын үеэр хөгжим эгшиглэж байснаас үүдэлтэй гэнэ. Хуримын зочид руу халдсан этгээдүүдийн гурвыг нь баривчилсан гэж "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нангархар мужид болсон хуримын хамтарсан ёслолд дөрвөн хос оролцож байжээ. Тэд "Талибан" хөдөлгөөний орон нутгийн удирдагчдаас баярын үеэр хөгжим тоглуулах зөвшөөрөл авсан бөгөөд хөгжим гагцхүү эмэгтэйчүүдийн хэсэгт эгшиглэх ёстой байсан гэнэ. 

 

Гэвч үдэш болсон хойно зэвсэгт этгээдүүд ёслол руу дайрч, хөгжмийн тоног төхөөрөмжийг эвдэх гэж оролджээ. Хуримын зочид энэ үйлдэлд нь саад болсны улмаас зэвсэгт этгээдүүд тэдэн рүү гал нээсэн байна. Эдгээр этгээдүүд нь "Талибан"-ы нэр барьсан ч "хувийн тооцоо бодох гэж ийм алхам хийсэн" гэж Афганистаны түр засгийн газрын Соёл, мэдээллийн орлогч сайд Забиулла Мужахид Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ