Хүртээмжгүй орчны улмаас хөгжлийн бэрхшээлтэй сайд СОР26-д оролцож чадсангүй

img

Глазгод болж буй уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт болох газарт тэргэнцэртэй хүмүүст зориулсан хүртээмжтэй орчныг бий болгож чадаагүйн улмаас Израилийн Эрчим хүчний сайд Карин Эльхарар дээд хэмжээний уулзалт руу орж чадаагүй талаар Израилийн хэвлэл мэдээлээс авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хамгаалалтын бүхий л цэгүүдээр сайдын тусгай зориулалтын машиныг нэвтрүүлээгүй бөгөөд харин дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс санал болгосон төхөөрөмж нь зохих ёсоор тоноглогдоогүйн улмаас сайд Израилийн төлөөлөгчдийн ажлын төлөвлөгөөнд багтсан уулзалтууд болох газарт хүрч чадаагүй байна. Үүний дараа Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет сайд Эльхарар бүхий л арга хэмжээнд чөлөөтэй оролцох боломжийг хангахад хяналт тавина гэж амалжээ.

 

НҮБ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй орчныг бүрдүүлэх талаар уриалж, сурталчилдаг хэрнээ өөрийн зохион байгуулсан арга хэмжээнүүд дээр ийм орчныг бий болгоогүйг харахад харамсалтай байсан тухайгаа Израилийн Ерөнхий сайд Твиттер хуудсандаа бичсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ