Богино хугацаанд асар өндөр үнэ хүрсэн Squid коин ганцхан өдрийн дотор үнэгүйдэв

Дэлхийн олон орны үзэгчдийн сонирхлыг татсан "Squid Game" олон ангит киноноос сэдэвлэн гаргасан Squid криптовалют 2,8 мянган доллар хүртлээ өсөж, асар өндөр үнэ хүрсэн ч өчигдөр буюу 11 дүгээр сарын нэгний өдөр энэ коин ямар ч үнэ цэнгүй болсон талаар The Guardian мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Squid криптовалютын өртөг нэг өдрийн дотор 99 хувиар унаж, Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын нэгний 22:50 цагт 0,002 доллар болжээ.
Netflix-ийн "Squid game" олон ангит киноноос сэдэвлэсэн коин 10 дугаар сарын 20-ны өдөр гарсан байна. Энэ коиныг кинон дээр гардаг үе шаттай ижил зургаан үе шатаас бүрдэх цахим тоглоомд ашиглана гэсэн мэдээлэл гарч байлаа. Үе шат бүрт оролцохын тулд Squid коиноор төлбөр төлөх бөгөөд 11 дүгээр сард тоглоомыг эхлүүлж, нийт цугларсан хөрөнгийн 10 хувийг боловсруулагчид, үлдсэн 90 хувийг ялагчид хүртэнэ гэж мэдээлж байв.
Улмаар энэ коины эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, 10 дугаар сарын 29-ний өдөр Squid коин 3380 хувиар өсөж, 3,5 долларт хүрсэн байна. Тухайн үед Coinmarketcap хэрэглэгчдэд хандан энэ коиныг эзэмшигчид коиноо зарах боломжгүй, энэ нь луйврын шинж хэмээн анхааруулж байжээ.
Ингээд 11 дүгээр сарын нэгний өдөр Squid коины үнэ эрс өсөж 2856 ам.долларт хүрсэний дараа Твиттер энэ коинтой холбоотой байж болзошгүй аккаунтуудыг сэжигтэй хэмээн үзэж, хязгаарлалт хийсний дараа үнэ нь эрс унасан байна. Коин гаргасан тал ямар нэг албан тайлбар өгөөгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ