Глазго: Ойгоо хамгаалж, хорт хаягдлаа багасгахаар улс орнууд нэгдэнэ

img

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн оролцогч талуудын 26 дугаар бага хурал мягмар гарагт Шотландын Глазго хотод өндөрлөлөө. Хоёр өдрийн туршид дэлхийн 120 орны төр болон засгийн газрын тэргүүнүүд уур амьсгалын сэдвээр мэдэгдэл хийж, хэлэлцсэн юм.

 

Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь буюу төгсгөлийн өдөр дэлхийн улс орнууд хэд хэдэн хамтарсан мэдэгдэл гаргалаа. СОР26 уулзалтын үр дүн, санаачилгуудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

 

Ойгоо хамгаална

 

Манай гарагийн нийт ойн 85 хувь нь ноогддог дэлхийн 114 орон ойн талбайг нэмэгдүүлэх эрмэлзлийн тухай хамтарсан тунхаг бичиг гаргалаа. Эдгээр орнуудад ОХУ, Бразил, Их Британи, Индонез, Хятад, АНУ, Турк, Шри-Ланк, Япон, Африкийн орнууд, ЕХ зэрэг улс орнууд багтаж байна.

 

Хойд хөршийн Ерөнхийлөгч Владимир Путин энэ уулзалтад биечлэн оролцоогүй, харин видео бичлэгээр илтгэл хүргүүлсэн бөгөөд энэ мэдэгдэлдээ Глазгогийн тунхаг нь "агаар мандал дахь нүүрсхүчлийн хийг бууруулах Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэх нөхцлийг бүрдүүлнэ" хэмээн онцолжээ. Энэ хүрээнд Орос улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийг эрс багасгаж, ойгоо хамгаалах зорилт тавьсан гэдгийг дуулгасан байна. Орос улсад дэлхийн нийт ойн 20 орчим хувь нь оршдог юм.

 

Хаягдлыг багасгана

 

Энэ дээд хэмжээний уулзалт дээр дэлхийн улс орны удирдлагууд метаны хаягдлыг багасгахад чиглэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан нь олон жилийн хугацаанд анх удаа авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. АНУ, ЕХ-ны гаргасан энэхүү олон улсын санаачилгад дэлхийн 150 орон нэгджээ. Тэд энэ 2030 он гэхэд метаны хаягдлыг 30 хувиар бууруулах үүрэг хариуцлагыг өөрсөд дээрээ авсан юм. 

 

Шинэ эргэлт 

 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр 40 гаруй орон дэвшилтэт ногоон технологийг нэн даруй боловсруулах, өргөн цар хүрээтэй нэвтрүүлэхээр тохиролцсон байна. Энэ шийдвэрийг Британийн Засгийн газар "Глазгогийн эргэлт" хэмээн нэрлэсэн бөгөөд дэлхийн улс орнууд сүртэй мэдэгдэл хийж, урт хугацааны зорилт тавиад зогсохгүй "нэн даруй арга хэмжээ " авч эхэлнэ гэдгийг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ