BMJ: Пфайзер вакцины туршилтын үеэр журам зөрчиж, мэдээлэл хуурамчаар үйлдсэн

Коронавирусийн халдвараас сэргийлэх Пфайзер вакцины эмнэлзүйн туршилтыг явуулахдаа энэ төрлийн туршилт явуулах журам, эрдэм шинжилгээний дүрэм журмыг зөрчсөн, тэр дундаа мэдээллийг хуурамчаар үйлдсэн, сайн дурынхны нэрийг ил болгосон, сөрөг нөлөөг нуусан гэнэ. Энэ талаар Британийн BMJ шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн эрэн сурвалжлах нийтлэлд өгүүлжээ.
"Пфайзер вакцины эмнэлзүйн туршилт явуулахад оролцсон Ventavia Research Group компанийн бүс нутгийн удирдлагуудын нэг болох эмэгтэй BMJ сэтгүүлд тухайн компани мэдээллийг хуурамчаар үйлдэж, туршилтад оролцсон хүмүүсийн хувийн мэдээллийг дэлгэж, вакцин хийсэн мэргэжилтнээ хангалттай сургаагүй, түүнчлэн гурав дахь шатны туршилтын үеэр гарсан сөрөг нөлөөний талаарх мэдээллийг өгөөгүй гэж ярьсан" хэмээн нийтлэлд өгүүлжээ.
BMJ сэтгүүлийн онцолсноор, дээрх компанийн бүс нутгийн удирдагч асан Брук Жексон эмнэлзүйн туршилтын үеэр олон зөрчил гарч байгаа талаар толгой компанидаа удаа дараа мэдээлсний дараа 2020 оны есдүгээр сард түүнийг ажлаас нь халжээ. Ингээд ажлаасаа халагдсан эмэгтэй зөрчлүүдийг батлах баримт бичиг, гэрэл зураг, дүрс болон дуу бичлэгийг BMJ сэтгүүлийн редакцид өгсөн байна. Британийн шинжлэх ухааны сэтгүүлийн мэргэжилтнүүд хүлээн авсан мэдээллээ шалгаад, вакцины туршилт дүрэм, стандартыг зөрчсөн гэдгийг батлах бусад баримтуудыг ч олсон байна.
Тухайлбал, вакциныг зохих ёсоор хадгалаагүй зөрчил олонтаа давтагдсан бөгөөд компанийн бараг бүхий л ажилтан туршилтад оролцогчдын хувийн мэдээллийг авах боломжтой байсан нь сайн дурын оролцогчдыг нууцлах журамд харшилж байсан гэнэ. Улмаар олон зөрчил гаргаж байсан тул туршилтын явцын талаарх мэдээллийг хэдэнтээ хуурамчаар үйлдсэний дээр зарим мэдээллийг нуун дарагдуулсан аж. Ventavia Research Group компанийн нэрээ нууцалсан ажилтнуудын өгүүлснээр Жексоныг халагдсаны дараа ч энэ байдал хэвээр үргэлжилж байгаа гэнэ.
Пфайзер вакциныг 2020 оны дөрөвдүгээр сараас эмнэлзүйн туршилтад оруулж, 2020 оны намар эхний хоёр шат дуусч, 2020 оны 11 дүгээр сард гурав дахь шатны туршилт эхлэн өнөө хэр үргэлжилж байгаа юм. Энэ вакциныг олон нийтэд тарьж эхэлсний дараа өмнө нь мэдэгдэж байгаагүй сөрөг нөлөөнүүд олноор гарах болсон талаарх мэдээлэл гарч байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ