Тахлаас болж дахин хөл хорионд орсон улс орнууд

img

2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод үл мэдэгдэх халдвар бүртгэгдэж, улмаар дэлхий даяар тархан цар тахлын хэмжээнд хүрснээс хойш коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүний тоо дэлхий дахинд 5 саяыг давав. Зарим орон коронавирусийн халдварыг энгийн ханиадтай адилтган үзэхээр шийдэж, хязгаарлалтуудаа цуцлан энгийн амьдралдаа эргэн орж эхэлсэн бол олон оронд нөхцөл байдал дахин хүндэрсний улмаас хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг дахин сонгохоос аргагүй болов. 

 

Хойд хөршид 11 дүгээр сарын долооны өдрийг дуустал ажлын бус өдрүүдийг зарлаж, тархалтыг хумих үүднээс худалдааны төвүүд, зугаа цэнгээний газар, дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан бол Латвид хатуу хөл хорио тавьсан байна.

 

Латви 
Латви улс халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоожээ. Түүнчлэн 20.00-05.00 цагийн хооронд хөл хорих цаг тогтоосон бөгөөд энэ үеэр гэрээсээ гарсан хүмүүсийг торгох гэнэ. Латви улсад анх удаа хөл хорих цаг тогтоож байгаа нь энэ юм. 

 

Энэ улсад зөвхөн нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд л ажиллаж байгаа бөгөөд сургуулиудыг цахим хичээлд шилжүүлжээ. Өнгөрсөн сард Латвийн Ерөнхийлөгч Эгилс Левитсээс коронавирусийн халдвар илэрч байлаа. Энэ улсын Ерөнхий сайд эрүүл мэндийн салбар аюулд учирсан хэмээн мэдэгдэж, ирэх оны нэгдүгээр сарын 11 хүртэл онц байдал тогтоожээ.

 

Хязгаарлалтуудыг сулруулсны дараа вакцинд хамрагдаагүй хүмүүст тодорхой хязгаарлалт үйлчилнэ гэж Латвийн Ерөнхий сайд цохон тэмдэглэсэн байна. Латвийн хүн амынх нь тал орчим хувь нь вакцинд хамрагдсан нь ЕХ-ы орнууд дундаа бага үзүүлэлтэд тооцогдож байгаа аж.

 

Итали


Зарим хэвлэлүүд Итали улсыг хязгаарлалт тогтоосон тоогоороо дээд амжилт тогтоосон гэж мэдээлдэг. Энэ улсад хатуу хөл хорио удаа дараа тогтоосон ч нас баралт буурахгүй л байгаа юм.

 

Тиймээс Италийн эрх баригчид гуравдугаар сар хүртэл эрүүл мэндийн паспортоор үйлчлэх журмыг сунгахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ паспорт нь тухайн иргэн вакцинд хамрагдсан эсвэл халдвар аваад эдгэрсэн гэдгийг илтгэх бөгөөд 12 дугаар сарын 31 хүртэл ийм паспортоор үйлчилнэ гэсэн журам гарч байсан юм. Харин зул сарын баяраар өвчлөл улам нэмэгдэнэ гэж шинжээчид анхааруулж байгаа тул паспорт шаардах журмыг цаашид ч сунгахаар төлүөвлөж байгаа аж.

 

Украин

Киев хотын дарга Виталий Кличко Украины нийслэлд сарын хугацаатай хөл хорио үргэлжилнэ гэж мэдэгдсэн. Халдварын тархалтын нөхцөл байдлаас хамааран 12 дугаар сар хүртэл хязгаарлалтыг сулруулахгүй хэмээн онцолсон байна. Украинд өдөрт 14 мянга орчим шинэ халдвар илэрч байгаа бөгөөд нийт халдварын тохиолдол 3 саяыг давжээ. 

 

Улмаар хязгаарлалтуудыг чангатгаж, сургуулиудыг цахимаар хичээллүүлэн, бүх ажилтнууд вакцинд хамрагдсан тохиолдолд л цэцэрлэг үйл ажиллагаа явуулж болох бол оршин суугчид аливаа байгууллага эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлэх бол вакцины гэрчилгээ, коронавирусийн шинжилгээний сөрөг хариу бүхий тодорхойлолтыг үзүүлэх ёстой аж.

 

Грек 


Грек улсад сүүлийн өдрүүдэд өдөрт 6700 орчим хүнээс коронавимрус илрэх болсон тул эрх баригчид коронавирустэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгахаар төлөвлөж байна. Түүнчлэн гудамжны хөгжимчдийн үйл ажиллагааг зогсоох, төрөл бүрийн салбарын ажилтнуудын дунд шинжилгээ авах ажлын давтамжийг нэмэгдүүлэхээр зэхэж байгаа аж.

 

Румын

Европын холбооны орнуудаас нөхцөл байдал хамгийн ихээр хүндэрсэн улс нь Румын юм. Энд халдварын тархалтыг тогтоон барих үүднээс хөл хорих цаг тогтоосон байна. Гадаа болон дотор орчинд амны хаалт зайлшгүй зүүх бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүсийг 20.00 цагаас хойш гэрээсээ гарахыг хоригложээ. Мөн бүхий л үйлчилгээний байгууллагууд 21.00 цаг гэхэд хаалгаа барих ёстой гэнэ. 

 

Болгар


Өнгөрсөн сард Болгарт халдварын тохиолдол эрс нэмэгдэж, бүх нийтийн хөл хорио тогтоох талаар хэлэлцэж байгаа гэнэ. Харин зарим улс төрчид улс орныг гадаад ертөнцөөс хаах нь асуудлыг бүрэн шийдэхгүй хэмээн үзэж байгаа аж.

 

Турк

Энд үйлчилж буй хязгаарлалтууд гагцхүү орон нутгийн оршин суугчдад хамааралтай. Жуулчид зочид буудал болон наран шарлагын газруудад амны хаалтгүй үйлчлүүлж болно. Амны хаалтыг гагцхүү нисэх буудал болон тээврийн хэрэгсэлд л шаардаж байгаа гэнэ. Гэхдээ энэ улс руу нэвтрэхийн тулд вакцинд бүрэн хамрагдсан байх ёстой юм.

 

Марокко

Марокко бол вакцины паспорт ашиглаж байгаа Африкийн цорын ганц улс юм. Энд бүхий л байгууллагууд руу ороход вакцины паспорт шалгаж байгаа аж. Хэвлэлүүдийн мэдээлснээр энэ улсын хүн амын 60 орчим хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

л:
лалрын хужаагууд дэлхииг самарлаадааа бүх хүнээс уучлалт гуй хужаагууд
2021-11-04