Вакцин тариулсан хүмүүсийн дунд 3 тонн нүүрс хожих сугалаа явуулна

ОХУ-д сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж, улмаар улс даяар ажлын бус өдрүүдийг 11 дүгээр сарын долооныг дуустал зарласан юм. Энэ хугацаанд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авсаар байна. Өмнө нь Оросын Москва зэрэг хэд хэдэн бүс нутагт байр, машины хонжвортой сугалааг вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд зохион байгуулж байсан бол энэ удаад Хабаровскийн хязгаар 3 тонн нүүрс зэрэг олон шагнал хожих сугалаа зарлажээ.
Регнум агентлагийн мэдээлснээр, сугалаанд оролцогчид ямар ч төрлийн эмнэлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах, шүдээ эмчлүүлэх, үсчний үйлчилгээ авах, бэлтгэлийн танхимын үйлчлүүлэгч болох, гурван тонн нүүрс авах эрх болон бичил долгионы зуух гэсэн шагналуудыг хожих боломжтой гэнэ.
Энэ сугалаанд вакцины хоёр тунд хамрагдсан иргэд хамрагдах бөгөөд 12 дугаар сарын нэгний өдөр ялагчдыг тодруулах аж. Үйлчилгээ авах эрхийн бичиг нь гурван сарын хугацаатай, бусдад шилжүүлэх эрхтэй байх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ