Хонконгт тухтай унтах автобус үйлчилгээнд нэвтэрчээ

img

 

Хонконгт унтаж амарч чаддаггүй хүмүүст зориулсан автобусны чиглэл гаргасан талаар CTV News мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тайвшруулах аялал нь таван цаг үргэлжлэх бөгөөд нэг чиглэлийн урт 76 км байх гэнэ. Энэ аяллыг Ulu Travel компани зохион байгуулж байгаа аж.

 

Тайвшруулах аялал нь Хонконгийн оршин суугчдыг нойргүйдлээ давж, таатай орчинд амрах боломж ологодх зориулагдсан гэнэ. Тасалбар 13-51 долларын үнэтэй аж. Зорчигч бүрт масктай иж бүрдэл өгөх юм байна. 

 

 

"Нэг удаа манай найз ажлын стрессээс болж шөнө ч унтаж чадахгүй байгаагаа олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Гэхдээ автобусанд унтчихдаг гэдгээ ч бичсэн байлаа. Эндээс хараад л би хүмүүс унтахад зориулсан автобустай аялал явуулах санаа төрсөн юм" гэж Ulu Travel компанийн хөгжлийн захирал Кеннет Кхон ярьжээ.

 

"Хонконгчуудад унтах цаг бараг л байдаггүй. Ихэнх нь ажилдаа явах, буцах замдаа л бага зэрэг дугхийж амждаг. Үүнээс болоод хүмүүсийн ухамсарт нийтийн тээвэр болон нойр хоорондоо холбоотой гэсэн уялдаа холбоот рефлекс үүссэн" хэмээн Хонконгийн их сургуулийн нойр судлалын төвийн профессор доктор Ширли Ли өгүүлжээ.

 

Хонконгчуудад ч автобусанд унтах энэ санаа таалагдсан гэнэ. "Нойрсох аялал"-ын эхний ээлжийн тасалбар бүгд зарагдаж дууссан байна.

 

Хонконг хүмүүст нойрсох өвөрмөц боломжийг санал болгож байгаа анхны тохиолдол нь энэ биш. Өмнө нь, 2018 онд Хонконгт SLEEEP компани капсулан зочид буудал үйлчилгээнд нэвтрүүлж байлаа. Буудлын өрөөнүүд нь байгалийн гэрэлтүүлэгтэй бөгөөд нойрсоход хамгийн тохиромжтой орчин гэж үзсэн тул ийм гэрэлтүүлэг хийсэн байна.

 

Гэхдээ энэ буудалд нойрсоход үнэ нь тийм ч хямд биш. Буудалд 45 минут амрахад 12 долларын үнэтэй. Ихэнх үйлчлүүлэгчид хоёр цагийн захилга өгөх бөгөөд ингэснээр 25 доллар төлдөг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ