Тайваний тусгаар тогтнолыг дэмжигчдийг Хятад руу нэвтрүүлэхгүй

Сүүлийн үед Хятад, Тайванийн харилцаа ээдрээтэй болж, олон улсын анхааралд ороод байгаа юм. Хятад Тайванийн арал руу цэргийн онгоцуудыг ойртуулан нисгэж, үүнийг Тайвань болон АНУ шууд заналхийлэл гэж хүлээн авч байсан. Түүнчлэн Тайванийн Ерөнхийлөгч Хятадын аюул заналыг сөрөн зогсоход бэлэн гэж мэдэгдэж байсан бол АНУ-н Ерөнхийлөгч Жо Байден "шаардлагатай бол Тайваньд тусална" хэмээн мэдэгдсэн нь Тайванийг өөрийн орны нэг хэсэг гэж үздэг Хятадын дургүйцлийг ихээхэн төрүүлж байлаа.
Нөхцөл байдал ийм ээдрээтэй үед, пүрэв гарагт Европын холбооны төлөөлөгчид Тайваньд айлчилсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм. Хятад энэхүү айчлалыг байж болшгүй хэмээн үзэж, Европын холбоонд эсэргүүцэл илэрхийлэхийн дээр "салан тусгаарлагчдад ташаа ойлголт өгөхгүй байх"-ыг анхааруулсан.
Улмаар Тайванийг тусгаар улс гэж үзэх хандлагыг эсэргүүцсэн ээлжит алхам хийжээ. Тодруулбал, Хятадын эрх баригчид Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчдийг эх газрын Хятад болон Хонконг, Макао руу нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргажээ.
"Тайванийн тусгаар тогтнолыг шууд дэмжигчдийг хуулийн дагуу сахилгын арга хэмжээнд татна" хэмээн баасан гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Жу Фэнлянь мэдэгдсэн байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн албан ёсны төлөөлөгчийн онцолсноор Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчид төдийгүй тэдний гэр бүлийн гишүүдийг ч эх орондоо нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ