"Алтан арал" олджээ

img

Индонезийн Муси голын эргээс археологчидд алтан бөгж, зоос, олон зуун баримал, Хятад шаазан, сүмийн хонх, сэлэмний алтан бариул, дарсны домбо, тогос хэлбэртэй лимбэ зэрэг хосгүй олдвор олжээ. Энэ нь 1000 гаруй жилийн настай гэж таамаглаж байгаа юм байна. 

 

Live Science  сэтгүүлийн мэдээлснээр, домогт гардаг "Алтан арал"-ыг олсон гэж судлаачид үзэж байгаа гэнэ. Эртний домгуудад алтан арлын тухай өгүүлэх бөгөөд тэнд хүн иддэг могой, хинди хэлээр ярьдаг тоть амьдарч, галт уулын гал байнга оргилдог хэмээн өгүүлдэг аж. 

 

Археологчдын өгүүлснээр "Алтан арал" нь эртний Малайн Шривижайн хаант улсын томоохон боомт байсан гэнэ. Энэ улсын нийслэл нь Суматра арал дээрх Палембанг хот байжээ.

 

Шривижайн тухай мэдээлэл нэн ховор хадгалагдаж үлдсэн байдаг аж. Энэ хот улсын нууцыг Муси гол хадгалж байгаа гэх шинж тэмдгийг анх 2011 онд элс олборлох үеэр илрүүлжээ. Элснээс эртний эд өлгийн зүйл олдож байсан нь нутгийн иргэд энд олз хайн ирэх шалтгаан болж, ихэнх олдвор хар зах дээр зарагдсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ