ТикТок-д өргөн тархсан дохио ашигласан охин хүчирхийлэгчээс мултарч чаджээ

АНУ-ын Кентукки мужийн цагдаагийнхан Хойд Каролинагаас 16 настай охин хулгайлсан хэрэгт сэжиглэн 61 настай Жеймс Херберт Брик гэгчийг баривчилсан талаар NBC News мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, охин 11 дүгээр сарын хоёрны өдөр алга болжээ. Үүнээс хоёр өдрийн дараа 911 дугаарт нэгэн зорчигчоос дуудлага ирсэн бөгөөд мөнгөлөг өнгийн "Тоёота" маркийн машины ард сууж яваа охин зорчигч руу хандан ТикТок сүлжээнд ихээхэн тархсан, аврал хүссэн дохиог харуулсан талаар мэдээлсэн байна.
Охин зорчигч руу хандан алгаа харуулж, эрхий хуруугаа нугалан, дараа нь гараа атгаж харуулжээ. Канадын Эмэгтэйчүүдийн сангийн бодож олсон энэ дохио нь тусламж хэрэгтэй эсвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг илэрхийлдэг юм. Цар тахал эхэлсэн цагаас хойш энэ дохиог ихээхэн сурталчлах болсон бөгөөд тусгаарлальтын үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх эрсдэл өндөр гэж үзсэний улмаас олон нийтийн сүлжээ, тэр дундаа ТикТок сүлжээгээр эрчимтэй түгээх болсон.
Энэ дохиог ашигласны ачаар хүчирхийлэгчээс мултарсан охин Брикийг баривчлагдсаны дараа цагдаагийнхантай ярилцахдаа Брик түүнийг хулгайлан, Хойд Каролина, Теннесси, Кентукки, Охайо мужуудаар машинаар авч явсан хэмээжээ.
Сэжигтэн этгээдийг саатуулсны дараа утсыг нь шалгахад насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан гэрэл зургууд байсан нь илэрчээ. Ингээд түүнийг хүний эрх чөлөөг хууль бусаар хорьсон, хүүхдийн порнограф үйлдсэн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ